Ким Жон Ун “хэлмэгдсэн” дипломаттай олны өмнө гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр албан тушаалаас нь огцруулж, цөлөгдсөн гэгдэж байсан Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны нэгдлийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Ким Ён Чолын хамтаар концерт үзсэн тухай Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.

“Манай нам, төр, зэвсэгт хүчний дээд удирдагч, нөхөр Ким Жон Ун энэ сарын 2-ны өдөр Солонгосын ардын армийн офицеруудын эхнэрүүдийн сайн дурын уран сайхны дугуйлангуудын тоглолтыг үзэж сонирхлоо” гэж мэдээлэлд өгүүлжээ.

Ким Жон Уныг тэргүүн хатагтай Ли Сол Жу, Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны нэгдлийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Ким Ён Чол нар дагалдсан байна.

Өнгөрсөн баасан гарагт /2019.05.31/ Өмнөд Солонгосын “Чосон Ильбо” сонин Ким Ён Чолыг албан тушаалаасаа чөлөөлөгдөж, цөлөгдсөн хэмээн мэдээлж байсан билээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард Ханой хотноо болсон Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх яриа хэлэлцээнд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн тус сонинд бичсэнээр, АНУ-ын асуудал хариуцсан тусгай элч Ким Хёк Чолыг зарим албан тушаалтнуудын хамтаар цаазалсан гэж мэдээлж байсан билээ. Өмнөд Солонгосын консерватив чиглэлийн хэвлэлүүд Хойд Солонгосын албан тушаалтнуудыг цаазалсан тухай мэдээлдэг ч хожим тэдгээр нь амьд байдаг тохиолдлууд гардаг юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top