Хойд Солонгос зарим албан тушаалтнуудаа цаазалжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

Хойд Солонгос энэ оны хоёрдугаар сард Вьетнамын Ханой хотноо болсон АНУ, БНАСАУ-ын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажлын хэсгийн түвшний яриа хэлэлцээ явуулсан АНУ-ын асуудал хариуцсан тусгай элч Ким Хёк Чол болон гадаад хэргийн яамны зарим албан тушаалтнуудыг уулзалт амжилтгүй болсонд хариуцлага хүлээлгэн, цаазаар авсан тухай Өмнөд Солонгосын Чосун Ильбо сонины өнөөдрийн  /2019.05.31/ дугаарт бичжээ.

Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны дэд дарга Ким Ён Чол албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Жаганг мужид албадан хөдөлмөр хийхээр цөлөгдсөн байна. Тус сонины мэдээлснээр, Ким Жон Уны дүү Ким Ё Жон гэрийн хорионд орсон байна.

Хойд Солонгосын удирдагч дотоодын хямрал, бухимдлаас олон нийтийн анхаарлыг сарниулах үүднээс өргөн хүрээний цэвэрлэгээ явуулж байна гэж тус сонин онцолжээ.

Ким Хёк Чолыг гадаад хэргийн яамны дөрвөн албан тушаалтны хамтаар АНУ-ын тагнуул хэмээн өнгөрсөн гуравдугаар сард цаазалсан гэж нэрээ нууцалсан Хойд Солонгосын эх сурвалж мэдээлсэн байна. Ким Хёк Чолтой хамт ажлын хэсгийн түвшний яриа хэлэлцээнд оролцож байсан Ким Сонг Хэг улс төрийн хоригдлуудын лагерьт хорьсон гэж тус сонин мэдээлжээ. Ханойн уулзалтын үеэр Ким Жон Унд хэлмэрчилж байсан Шин Хэ Ён мөн улс төрийн хоригдлуудын лагерьт орчуулгын ноцтой алдаа хийсэн хэргээр мөн хоригдож байгаа гэнэ.

2013 оны арванхоёрдугаар сард Ким Жон Ун авга ах Жан Сон Тэкийг цаазаар авснаас хойш анх удаа ийм өргөн хүрээний цэвэрлэгээ хийж байна гэж Чосун Ильбо бичжээ.

БНСУ-ын нэгдлийн яам ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан байна.

Ким Хёк Чол

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.122.182) 2019 оны 05 сарын 31

ene balay patsaan uuruu angli khel surakhguy yasan durak we

0  |  0
Top