Өвөрхангай аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас "Түрээсийн орон сууцны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж, өчигдөр /2019.06.05/ хэлэлцүүллээ. Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 40 айлын орон сууцыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа.
Сүүлийн жилүүдэд барилгын салбарын үйл ажиллагаа эрчимжиж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, захиалагчдын санхүүжилтээр орон сууцны барилга олноор баригдаж, ашиглалтад орж байгаа ч иргэдийн санхүүгийн чадавхиас шалтгаалан орон сууцыг шууд болон зээлээр худалдан авах боломж хомс хэвээр байна. Банкны зээлийн нөхцөл, шалгуурыг хангаж, ипотекийн зээл авч орон сууцтай болох боломжтой иргэдийн тоо бага хэвээр байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж, хандах үр хүүхэдгүй ахмад настан, бүтэн өнчин хүүхэд, залуучууд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр орон гэргүй болсон айл өрх, ажил амьдралын гараагаа эхэлж байгаа залуу гэр бүл, төв суурин газарт түр хугацаагаар ирж ажиллаж, суралцаж байгаа оюутан, залуусын түр амьдрах орон байрны асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байгаа юм. Тус хөтөлбөр Улаанбаатар хот Дархан, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий аймгуудад хэрэгжиж, 360 орон сууц баригдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )