УИХ-ы чуулганы өнөөдрийн /2019.06.07/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нараас 2019.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2019.06.06-ны өдрийн хуралдаанаараа хийсэн юм.
Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэгийн шинжтэй засварыг хийж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн. Хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, З.Нарантуяа нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед чуулганы нэгдсэн хуралдаанаар өөр асуудал хэлэлцэх эсэх цаашлаад уг нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүх ард түмний санал асуулга явуулж хэлэлцүүлэх талаар тодруулж байлаа. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх босгыг намсгасан шалтгааныг лавласан.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.6-д “Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тасралтгүй явуулна” гэж заасан байдаг ч, 11.5-д “Энэ хуулийн 11.3.6-д заасан заалтын хэлэлцүүлгийн үе шатын хооронд зохион байгуулалтын болон нэг удаагийн (хэм хэмжээний бус) шинжтэй хойшлуулшгүй асуудлуудыг шийдвэрлэхэд хамаарахгүй” гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 24.7 “хуулиар Улсын Их Хурлаас хугацааг нь тусгайлан заасан асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн дундуур хэлэлцэн шийдвэрлэж болно” гэж тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хариултдаа онцлов. Мөн тэрбээр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заавал ард түмний санал асуулга явуулж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ гэсэн заалт байхгүй гэдгийг тодотгохын зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав нь зөвшөөрсөн тохиолдолд асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Үүнийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулсан атлаа Байнгын хорооны хуралдааны хэлэлцэн, шийдвэрлэх асуудал зохицуулалтгүй орхигдсон байдаг. Иймд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад ердийн олонхын саналаар бус гуравны хоёрны саналаар асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэнэ гэж босгыг нь нэмж, төсөлд тусгасан. Ингэснээр Байнгын хорооны 19 гишүүний 10 нь хуралдаад зургаа нь асуудлыг шийдэх бус олонхоороо шийдэх босгыг нь өндөрсгөсөн гэж хариулж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )