Монгол Улсын хэмжээнд 27 мянган төрийн бус байгууллага /ТББ/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэгдсэнээс 8000 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр ТББ-уудын үйл ажиллагааг зохицуулах, мэргэжлийн нэгдсэн холбоодыг бий болгох үүднээс УИХ-ын гишүүн Н.Учрал нарын гишүүд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Уг хуулийн төслийн нээлттэй сонсголыг өнөөдөр /2019.06.12/ Төрийн ордонд зохион байгуулсан бөгөөд төрийн болон ТББ-ууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо. Нээлттэй сонсголд оролцсон мэргэжлийн холбоодын зүгээс Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх боломжийг нээж өгөхийг хүсч байлаа. Түүнчлэн мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон бусад төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах чиглэлээр шинжлэх ухаанч байдлаар хандахыг сануулж байсан юм.
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд
-Мэргэжлийн нэгдсэн холбооны тогтолцоо, зохион байгуулалт, чиг үүрэгт түүний үйл ажиллагаа болон гишүүдэд тавигдах шаардлагыг тодорхойлж, гишүүнчлэлийн дийлэнх олонхи нь мэргэшсэн төрийн бус байгууллага, хувь хүн байхаар;
-Тодорхой салбарын хэмжээнд нэг мэргэжлийн холбоо үйл ажиллагаа явуулах ба оноосон нэрний ард “МНХ” гэсэн тодотголтой байх, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг баталгаажуулахын тулд тухайн холбоо нь улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө салбарын яамандаа холбогдох материалыг хүргүүлж, Сайдын зөвлөлөөр зөвшөөрөл олгох, эсэхээ шийдвэрлэсний дараа улсын бүртгэлд бүртгүүлэх;
-Мэргэжлийн нэгдсэн холбоо, төр хоорондын хамтын ажиллагааны чиглэлийг тусгаж, энэ хүрээнд төрөөс мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Сэтгэгдэл ( 0 )