П.Ганхүү: Шивээ овоо, Багануурын уурхайн ихэнх хувийг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

Засгийн газраас Багануурын нүүрсний уурхай болон Салхитын мөнгөний ордын  лицензийг "Эрдэнэс Монгол" ХХК-д шилжүүлэхээр шийдвэр гаргажээ. Сүүлийн жилүүдэд Багануур болон Шивээ овоогийн уурхай санхүүгийн хувьд хүндэрсэн, техник тоног төхөөрөмж нь хуучирч муудсан учраас ийнхүү менежментийн шинэчлэл хийх шаардлагатай гэж үзжээ. Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэртэй холбоотойгоор "Эрдэнэс Монгол" ХХК -ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.  


-“Эрдэнэс Монгол” ХХК-д Багануурын уурхайн лицензийг шилжүүлснээр ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ?

-“Эрдэнэс Монгол” комипани одоогийн байдлаар Багануурын уурхайн 25 хувийг эзэмшдэг. Харин Засгийн газраас энэ хувь хэмжээг нэмэгдүүлж, 75 болголоо. Багануурын уурхай нийт 800 сая орчим тонн нүүрсний нөөцтэй.  Энэ лицензэд 400 орчим сая тонн нь байдаг. Шивээ овоо, Багануурын уурхай хоёр сүүлийн жилүүдэд  санхүүгийн хувьд хүндэрсэн. Ийм байдалтай олон жил явсан нь техникийн хоцрогдол зэргээс үүдэлтэй. Дээрх хоёр уурхайн хувьд жилдээ зургаан сая орчим тонн нүүрсийг төвийн эрчим хүчний системд буюу цахилгаан станцуудад нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот дулаан, цахилгаантай байх нөхцөлийг бүрэн дүүрэн хангадаг нь Шивээ овоо болон Багануурын  нүүрсний уурхай. Тиймээс санхүүгийн хувьд хүндэрсэн, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах баталгаагүй болсон үед нь “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд ихэнх хувийг шилжүүлсэн нь цаашид үйл ажиллагаа нь доголдохгүй байх ач холбогдолтой шийдвэр болж байгаа юм.

-Олон жил алдагдалтай ажилласан уурхайг ашигтай ажиллуулахын тулд юу хийх вэ?

-Алдагдалд хамгийн гол нөлөө үзүүлж буй зүйл нь эрчим хүчний үнэ тариф. Цахилгаан эрчим хүчний үнийг нэмэх шаардлага үүссэн ч төр засгаас барьсаар ирсэн. Эрчим хүчний үнийг төрөөс тогтоодог шүү дээ. Мэдээж эрчим хүчний эх үүсвэр буюу хөдөлгөгч хүч нь нүүрс. Нүүрс олборлох зардал жил ирэх бүр нэмэгддэг. Хэрвээ нүүрсний үнийг нэмчихвэл эрчим хүчний үнийг ч мөн нэмэх шаардлага үүсч таарна. Энэ тохиолдолд төрөөс нэмэгдүүлэхгүй байх чиглэл өгсөөр ирсэн. Ашиггүй ажиллах болсон гол шалтгаан нь ерөөсөө энэ. Нэг ёсондоо нүүрсний үнийг чөлөөлөхгүй байсантай холбоотой гэж ойлгож болно. Хэрвээ нүүрсний үнийг чөлөөлбөл дагаад эрчим хүчний суурь үнэ хөдөлнө шүү дээ.  Гэхдээ үүнд шууд төр засгийг буруутгах аргагүй. Учир нь  эрчим хүчний үнийг нэмбэл өргөн хэрэглээний бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэдэг болгоомжлолын үүднээс л төрөөс  зохицуулалт хийж ирсэн. Дээрх хоёр уурхайн нөхцөл хүндэрч эхэлснээс хойш “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс зохих арга хэмжээг авсаар ирсэн. Ялангуяа зардлыг багасгах, технологийн шинэчлэлийг хэрхэн хийх зэрэгт тухай бүрт нь арга хэмжээ авч ирсэн. Тухайлбал, жил бүр 10-20 тэрбум төгрөгийн дэмжлэгийг Багануурын уурхай болон Шивээ овоод олгож ирсэн. Цаашид ч энэ хоёр уурхайн үйл ажиллагааг эрчимжүүлж, төвийн эрчим хүчийг найдвартай эх үүсвэрээр хангах хэмжээнд ажиллана. Төрөөс бодлого гаргасан, үүний хүрээнд бид маш тодорхой ажлуудыг шат дараатай хийгээд явна.

-Салхитын мөнгөний ордын лицензийг БНХАУ-ын компани эзэмшиж байсан. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

-Салхитын мөнгөний ордын ашиглалтын хоёр лицензийг хууль зөрчин олгосон байсан. Тиймээс лицензийн тусгай зөвшөөрлийг цуцалж, төрийн мэдэлд авсан. Тиймээс “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Эрдэнэс силвер ресурс”-д шижлүүлэх шийдвэрийг өнөөдрийн /өчигдөр/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Гэхдээ энэ ордтой холбоотойгоор олон төрлийн маргаан шүүхийн шатанд бий. Иргэний болон эрүүгийн, захиргааны хэргийн маргаанаас гадна АТГ-т хэрэг үүсгэсэн зэргийг энд дурдах хэрэгтэй. Хэдийгээр энэ мэт маргаан өрнөж байгаа ч хамгийн чухал зүйл нь энэ ордыг эргэлтэд оруулж, бүтээгдэхүүнийг нь гаргаж авах ёстой. Төртэй холбоотой бүх асуудлыг нь цэгцлээд явах ёстой гэсэн ойлголттой байгаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(122.201.22.233) 2019 оны 06 сарын 13

энэ нөхрийн ажлыг нь авах болоогүй юу? Ямар ч үр өгөөж гарахгүй нөхөр байна лээ

0  |  0
Top