Д.Эрдэнэбат: Цэцийн даргыг нь дуудаж авчраад хариуцлага тооцдог байх ёстой

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Цэцийн дүгнэлтийг эргэн харах шаардлагатай. Улсын төсвийн бүрэлдэхүүнд Засгийн газрын нөөц сан ордгийг мэддэггүй Цэц байгаад гайхаад байна. Өөрсдөө Үндсэн хуулийн эрхийн эсрэг шийдвэр гаргачихаад ичих ч үгүй индэр дээрээс уншиж байгаад гайхаж байна. Цэц дүгнэлтээ уншчихаад шууд гараад явна. Харин бид дотооддоо яриад сууж байгаад би гайхаж байна. Цэцийн энэ шийдвэрийг хүлээн авах боломжгүй. Хэрэв Цэц хууль зөрчсөн шийдвэр гаргасан бол Цэцийн даргыг нь дуудаж авчраад хариуцлага тооцдог байх ёстой. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийнхаа эсрэг шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр гаргасан Цэцийн даргыг огцруулдаг хууль эрх зүйн орчинтой болох ёстой. Өнөөдөр бид хэнтэйгээ ярих юм. Цэцийн нэг ч гишүүн энд алга. Ийм Цэцтэй байснаас байгаагүй нь дээр. Цэцийг Дээд шүүхэд харьяалуулж болно шүү дээ” хэмээв.

Үүнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Цэц нэг дүгнэлт гаргангуут дүгнэлтийг танилцуулсны дараа тал талаас нь шүүмжилж айлгадаг гэж яригдсаар байгаад Цэц байр сууриа л илэрхийлдэг, парламентын таашаалд нийцсэн шийдвэр гаргахгүй гээд болиулж байсан” хэмээн тайлбарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top