ЧУУЛГАН: УИХ-ын нөхөн сонгуультай холбоотой Цэцийн шийдвэрийг ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэн УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-аас 2015.12.25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй”, 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна” гэсэн заалт, УИХ-ын 2019.02.02-ны өдрийн “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд мөн зүйлийн 9 дэх заалтад “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” мөн зүйлийн 10 дахь заалтад “Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглоно”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан билээ.

Мөн УИХ-ын 2019.02.02-ны өдрийн “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн гэж үзээд байв.

Харин Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, УИХ-ын 2019.02.02-ны өдрийн 22, 23 дугаар тогтоол тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчөөгүй, түүнчлэн УИХ-ын 2018.06.14-ний өдрийн “УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, 2, Хорин есдүгээр зүйлийн 2, 3, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй гэж дүгнэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top