“Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын онцлог юу вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

Японы Осака хотод энэ сарын 28-29-нд “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Япон улс “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтыг анх удаагаа зохион байгуулах гэж буй. Тус улсын Засгийн газар аюулгүй байдал, гадаадын удирдагчдыг байрлуулах газар зэрэг олон хүчин зүйлийг харгалзаж үзсэний үндсэн дээр энэхүү уулзалтыг Осака хотод зохион байгуулах шийдвэрийг гаргажээ. Осака хотод өмнө нь 1995 онд Ази-Hомхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байсан билээ.

“Их-20”-ийн энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр олон орны Төрийн тэргүүн хоорондоо уулзалт хийж, санал солилцоно. Тэдний яриа хэлэлцээрээр ямар асуудлууд шийдэгдэх бол?

Трамп Путинтэй уулзахыг хүсч байна

ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Владимир Путин, Доналд Трамп нар Осакад уулзах боломжийн талаар мэдээлжээ. Оросын Гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рябков “Бид уулзалтын талаар тодорхой төлөв байдал хараагүй байгаа ч Америкийн төлөөлөгч нараас Трамп ОХУ-ын Ерөнхийлөгчтэй “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ганцаарчлан уулзах хүсэлтэй байгаа талаар сонссон” гэжээ. АНУ уг уулзалтад их хариуцлагатай хандаж байгаа аж. АНУ-ын Ардчилсан намынхан ОХУ-ыг 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нь нөлөөлсөн гэж үзэж, Трампыг ОХУ-тай ойр харилцаатай гэж хардан, АНУ, ОХУ-ын харилцаа төдийлөн сайн биш байгаа энэ үед тэдний уулзалт чухал юм.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Японд болох “Их 20”-ийн уулзалт дээр Трамп Путин болон Хятадын дарга Си Жиньпинтэй уулзах төлөвлөгөөтэй байгаа талаар ярьж байв. Тэгвэл Оросын Төрийн тэргүүний туслах Юрий Ушаков болон хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков нар Путин АНУ-ын Ерөнхийлөгчтэй ямар асуудлаар хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа гэжээ.

Худалдааны асуудал шийдэгдэх үү?

Доналд Трамп мөн энэ сарын 28-29-нд Осака хотод БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзаж, оройн зоог барьж магадгүй байгаа аж. Тэрбээр Осака хотод болох уулзалтад Си Жиньпин ирэхгүй бол АНУ-ын эрх баригчид Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулахад бэлэн байгаа гэж анхааруулжээ. Худалдааны дайн хурцдаад байгаа энэ үед хоёр улсын удирдагч уулзах нь мөн л чухал. АНУ-ын Ерөнхийлөгч Хятадын импортод дахин тариф ногдуулах эсэхээ “Их 20”-ийн уулзалтын дараа гаргана гэж мэдэгдсэн байна. 25 хувийн тариф ногдуулна гэж анхааруулсан 300 тэрбум ам.долларын импортын бараа, бүтээгдэхүүний жагсаалтад гар утас, хүүхдийн хувцас, тоглоом, зөөврийн компьютер багтжээ. Энэ нь АНУ БНХАУ-аас импортолж буй бүх бараа, бүтээгдэхүүнд тарифын арга хэмжээ авахаар бэлтгэж байгааг харуулж буй. Тэгвэл БНХАУ мөн АНУ-ын импортын зарим бараа, бүтээгдэхүүний тарифыг нэмэгдүүлэхээр төлөвлөснөө зарласан. Энэ нь худалдааны маргааныг хурцатгахгүй байх Доналд Трампын уриалгыг үл ойшоож буйг харуулжээ. Гэхдээ Трамп Си Жиньпинтэй хийх уулзалтаа тэсч ядан хүлээж байна гэв.

Шинжээч нарын дүгнэж буйгаар Доналд Трамп, Си Жиньпин нар Осакад уулзалт хийх боловч худалдааны маргааныг шийдвэрлэхэд нөлөөлөх зүйл болохгүй аж.

Дэлхийд тэргүүлэх чуулга уулзалт

“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцдэг тэргүүлэх чуулга уулзалт юм. Жил бүр болдог чуулга уулзалтад дэлхийн 19 хөгжингүй болон хөгжиж буй орнууд, Европын холбоо оролцдог. Австрали, АНУ, Аргентин, Бразил, БНСУ, Их Британи, Герман, Индонез, Итали, Канад, Мексик, ОХУ, ӨАБНУ, Саудын Араб, Турк, Франц, Хятад, Энэтхэг, Япон улс нь “Их 20”-ийн гишүүн орнууд юм. Үүн дээр Европын холбоо нэмэгдээд “Их 20” болно. Энэ бүлэг нь дэлхийн хамгийн том эдийн засагтай 25 орны 19 нь бөгөөд Европын холбооны сангийн сайд нар болон төв банкны удирдагчдын бүлгэм юм. “Их 20”-ийн эдийн засгууд нь нийлээд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувь, дэлхийн худалдааны 80 хувийг өөртөө багтаана.

“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаар олон улсын санхүүгийн системд холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа, зөвлөгөөнийг өгч, олон улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад аж үйлдвэржсэн болон хөгжиж буй улсуудын хоорондох хэлэлцүүлгийг дэмжин судалж, дүгнэлт өгдөг. Дээрх 20 гишүүнээс гадна “Их 20”-ийн хурлуудад Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Олон усын валют ба санхүүгийн зөвлөл, Олон Улсын валютын сан ба Дэлхийн банкны хөгжлийн зөвлөлийн төлөөлөл оролцдог юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top