Сүүлийн жилүүдэд барилгын салбарын үйл ажиллагаа эрчимжиж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, захиалагчдын санхүүжилтээр орон сууцны барилга олноор баригдаж, ашиглалтад орж байгаа ч иргэдийн санхүүгийн чадавхаас шалтгаалан орон сууцыг шууд болон зээлээр худалдан авах боломж хомс хэвээр байна. Иймд Засгийн газраас “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. “Түрээсийн орон сууц хөтөлбөр” Улаанбаатар хот болон Дархан, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий аймгуудад амжилттай хэрэгжээд буй. Өвөрхангай аймгийн хувьд аймгийн Засаг даргын Тамгын газраас "Түрээсийн орон сууцны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьж, хэлэлцүүлсэн байна. Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид 40 айлын орон сууцыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулахыг Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар дэмжиж, тогтоолын төсөл батлагджээ. Энэ хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Баясгалангаас тодрууллаа.
-Танай аймагт “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болжээ. Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэнд ямар шаардлага тавих вэ?
-Орон нутагт орон сууцны хэрэгцээ шаардлага байгаа учраас энэ хөтөлбөр хэрэгжих гэж байна. “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т хамрагдах журам гэж байгаа. Тэр журмын дагуу явна. Журамд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж, хандах үр хүүхэдгүй ахмад настан, бүтэн өнчин хүүхэд, залуучууд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр орон гэргүй болсон айл өрх, ажил амьдралын гараагаа эхэлж байгаа залуу гэр бүл, төв суурин газарт түр хугацаагаар ирж ажиллаж, суралцаж байгаа оюутан, залуусыг түр амьдрах орон сууцаар хангахаар заасан. Энэ журмыг хэрэгжүүлж ажиллана. Мөн цаашид түрээсийн орон сууцыг тухайн хүн өмчлөх эрх зүйн орчин нь бүрдсэн.
-Нийт 40 айлын орон сууц баригдах юм байна. Хэчнээн төгрөгөөр баригдах вэ?
-“Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр тендер зарласан. Орон сууцанд 1.2 тэрбум төгрөг зарцуулна. Эхний ээлжид 300 сая төгрөгийг энэ жилийн төсөвт суулгасан. Түлхүүр гардуулах нөхцөлөөр баригдах учраас үлдсэн санхүүжилтыг барилга барьсан компанид ирэх жилийн төсвөөс олгохоор төлөвлөж байгаа.
-Түрээсийн орон сууц хэзээ ашиглалтад орох вэ?
-Тендер шалгаруулалтын дүн гараад, шалгаруулалт хийгээд зунаас барилгын ажил нь эхэлнэ. Тэгэхээр ирэх жилээс ашиглалтад орох болов уу.
-Арвайхээр хотод Хүүхэд хамгааллын байр баригдахаар болжээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хүүхэд хамгааллын байр баригдахаар тендер нь зарлагдсан. Хүүхэд хамгааллын байр нь тодорхой хууль журамд заасны дагуу үйл ажиллагаа явуулна. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, хүчирхийллээс хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Барилгын ерөнхий зураг төсөл нь батлагдсан. Удахгүй баригдаж эхэлнэ.
Сэтгэгдэл ( 0 )