ТОЙМ: Их Британи Европын холбооноос гэрээгүйгээр гарах ёсгүй

2019 оны 06 сарын 15

Их Британийн Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон Консерватив намын даргын албан тушаалд өрсөлдөх билээ. Тэрбээр кампанит ажлаа өнгөрсөн лхагва гарагт эхэлжээ. Энэ үеэрээ Борис Жонсон “Их Британийг Европын холбооноос гэрээгүйгээр гаргахыг хүсэхгүй байна” гэжээ. Түүний дүгнэж буйгаар Европын холбооноос гэрээгүйгээр гарах нь аюултай аж. Одоо байгаа гэрээнээсээ илүү сайныг хийх ёстойг тэрбээр хэлсэн байна. Тэгвэл Их Британийн Дотоод хэргийн сайд Сажид Жавид кампанит ажлаа эхлүүлэхдээ Борис Жонсоныг хоцрогдсон хүн гэжээ.

Их Британийн Консерватив намын даргын суудлын төлөө 10 хүн өрсөлдөж байгаа аж.

Брекситийн тухай

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон 2015 оны тавдугаар сард парламентын сонгуулиар дахин сонгогдвол улсаа Европын холбооноос гаргах асуулгаар бүх нийтийн санал хураалт явуулна гэсэн билээ. Сонгуульд түүний Консервтив нам ялалт байгуулснаар 2016 оны зургаадугаар сарын 23-нд бүх нийтийн санал хураалт болж, иргэдийн 51 хувь нь Их Британийг Европын холбооноос гаргах нь зүйтэй гэж үзсэн юм.

Их Британи улс Европын холбооноос гарах асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Брекситийн тухай чухал баримтуудыг хүргэе. Эхлээд 50 дугаар заалтын тухай өгүүлэх нь зүйтэй байх. Энэ заалтад Европын холбооны гишүүн улс өөрийн шийдвэрээр тус холбооноос гарах эрхтэй, тухайн улсад ЕХ-г орхих хэлэлцээ хийх хоёр жил олгонo гэсэн хоёр агуулга бий.

Америкийн шинжээчид Их Британийг Европын холбооноос гарна гэхэд нь тус улсыг дүрвэгч хүлээж авахаас татгалзсандаа ингэлээ гэж дүгнэсэн удаа бий. Европын холбооны гишүүн орнууд олон зуун дүрвэгч хүлээж авах хэрэгтэй болсон билээ. Мөн гадаадын ажилчдаас болж байгаа гэх дүгнэлт байдаг.

Брексит нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Их Британийн түүхэнд болж байгаа хамгийн том улс төрийн үйл явц юм. Энэ асуудал сунжирвал дахин бүх нийтийн санал асуулга явагдаж магадгүй хэмээх яриа гарсан. Шинжээч, ажиглагч нарын дүгнэж буйгаар Брексит нь Их Британийн хувьд том ялагдал, Европын холбоонд том ялалт болжээ. Тухайлбал, Британи ЕХ-ноос гарснаар тус улсаас маш их хөрөнгө гадагшлах аж.

Сүүлийн хугацаа

Одоо Европын холбоотой шинэ гэрээ хийвэл брекситийн эцсийн хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31 болох аж. Гэвч энэ үйл явцын дараа иргэд харилцан зорчихдоо виз авах зэрэг олон асуудал тулгарна. Мөн эдийн засгийн том төв Их Британи нь байр сууриа алдаж эхэлнэ гэж ажиглагчид үзэж байна. Түүнчлэн британи залуус Европын холбоонд үлдмээр байна гэх гомдол гаргаж эхэлжээ. Үүнээс үзэхэд брекситийн төлөө настай хүмүүс ихэвчлэн саналаа өгсөн бололтой. Судалгаанаас үзэхэд, Их Британийн 18-24 насны сонгогчдын 75 хувь нь ЕХ-нд үлдэх санал өгчээ. Харин 50-иас дээш насныхан ЕХ-ноос гарах санал өгсөн байна. Гэхдээ эрх баригчид нь нэгэнт гарсан шийдвэрээс буцахгүй гэсэн байр суурьтай байгаа аж.

Брексит аль улсад ашигтай вэ?

Энэ талаар шинжээч нар “Европын холбоог задлах сонирхол нь зөвхөн ОХУ-д байдаг” гэжээ. ОХУ Европын холбоо болон НАТО-г задлах сонирхолтой байна гэж Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Кэмерон ярьж байв. Тэрбээр Их Британи ЕХ-ноос гарахаар болсны дараа “Энэ шийдвэрт хамгийн их баярласан хүн бол Владимир Путин” гэсэн байдаг.

Түүнчлэн брексит нь Европын холбооны задралын эхлэл гэж ажиглагчид дүгнэдэг. Тиймдээ ч ЗХУ задарсны дараах хамгийн том задрал бол Европын холбооны задрал гэж зарим хэвлэлд бичиж байлаа. Тэгвэл Их Британийн жишээнээс ЕХ-ны бусад гишүүн орнууд нь тус холбооноос гарах нь амаргүй бөгөөд өндөр өртөгтэй юм байна гэдгийг ойлгожээ. Мөн ЕХ-нд элсэх хүсэлтэй олон орон бий. Тэдэнд брексит ашигтай байж болох. Турк, Швейцарь, Норвег болон Баруун Балканы хэд хэдэн улс ЕХ-нд элсэх хүсэлтэй.

Брексит нь алдаа юу, оноо юу?

Их Британи Европын холбооноос гарах нь алдаа гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Шинжээч нарын байр суурь ч ийм байна. Их Британи шилжилтийн үеийг даван туулж, эргэж хэвийн болоход таван жилийн хугацаа хэрэгтэй гэж тэд үздэг. Брекситийн дараа тус улс дэлхийн улс орнуудтай худалдааны том хэлэлцээрүүд хийх хэрэгтэй. Хэсэгтээ л Их Британийн эдийн засаг, худалдаа, хууль, эрх зүйн орчинд хүндрэл үүсэх аж. Мөн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс Европын холбооноос гарахад Бүгд найрамдах Ирланд улс тус холбоонд үлдэж буй. Хоёр улс Европын холбоонд байхад Ирланд, Умард Ирландын хооронд хилийн зааг байгаагүй бол одоо зааг тогтоох асуудал гарч ирнэ. Талууд энэ асуудлыг 2020 он хүртэл хойшлуулжээ. Бас нэг асуудал нь Гибралтарын хоолой. Тус хоолойд Испани, Их Британи улс газар нутгийн маргаантай байдаг.

Их Британи ЕХ-ноос гарах нь Европ төдийгүй дэлхий дахинд маш чухал асуудал юм. Брекситийн дараа дэлхийн санхүү, эдийн засгийн нөхцөл байдалд өөрчлөлт орно. Учир нь дэлхийн гол түүхий эдүүдийн ханш Лондоны хөрөнгийн биржээр зохицуулагддаг.

Брексит Монголд нөлөөлөх нь

Их Британи улс ЕХ-ноос гарах нь манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрс, газрын тосны ханшид нөлөөлөх аж. Эдгээрийн ханш нь Лондоны хөрөнгийн биржээс шалтгаална. Брексит нь Монголд хэрхэн нөлөөлөх талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаяр ярихдаа “Монгол, Их Британийн харилцаанд багагүй асуудал гарч ирэх нь тодорхой. Их Британи бол өрнөдийн гүрнүүдээс хамгийн анх буюу 1963 онд Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон улс. Өрнөдийн гүрнүүдээс хамгийн түрүүнд 1965 онд ЭСЯ-аа байгуулсан. 1973 онд өрнөдийн гүрнүүдээс анх удаа хоёр улсын Засгийн газрын түвшинд худалдааны хэлэлцээр байгуулсан. Үүнээс гадна 1990 оноос хойш Монголын ардчилал, өөрчлөлтийг маш идэвхтэй дэмжиж ирсэн улс” гэжээ.

Монгол, Их Британийн хооронд хийж буй худалдааны эргэлт 2017 онд 690 сая ам.долларт хүрчээ. Үүний 600 сая ам.доллар нь Монголын экспорт аж. Их Британитай хийдэг гадаад худалдаанаас Монгол Улс хамгийн их ашиг олдог нь үүнээс харагдана.

Манай улс Их Британи руу боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт, ноолуур, үнэт чулуун эдлэл экспортод гаргадаг аж. Их Британи улс Европын холбооноос гарвал тус улс руу хийх Монголын экспорт гаалийн татвартай болно. Худалдааны шинэ хэлэлцээр байгуулах шаардлагатай болох юм. Брексит Их Британид ажиллаж, амьдарч байгаа монголчууд хүн амын тоогоороо хүчтэй нөлөө үзүүлэхүйц биш учир нэг их нөлөө үзүүлэхгүй аж.

Харин худалдааны тухайд Их Британийн Засгийн газар 2018 оны нэгдүгээр сард Брекситийн дараах худалдаагаа зохицуулахаар гадаад худалдааны тусгай элч нарыг томилжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

Top