Орон нутагт тендертэй холбоотой авлига ихэсжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Канадын Засгийн газар, Азийн сангийн дэмжлэгтэйгээр Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан мониторингийн төслийг 19 аймаг, нэг дүүрэгт явуулахад тендертэй холбоотой зөрчил авлигын үзүүлэлтүүд хамгийн их гарчээ. Гол шалтгаан нь  иргэд  авлигын талаар мэдлэг мэдээлэл дутуу байгаагаас тавих хяналт нь суларсан гэж үзжээ. Үүнээс шалтгаалан төрийн албаны халаа сэлгээ, томоохон тендерийн асуудал, эрүүл мэнд, боловсролын салбарын авлигын хэргийг иргэдийн хяналт муу байгаатай холбон тайлбарлаж байна.

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн тэргүүн Ц.Бүжидмаа “Төрийн худалдан авах үйл ажиллагаа тодорхой хуулиудаар зохицуулагддаг. Энэ хуулийн хэрэгжилт тийм ч сайн биш байгааг манай судалгаа харуулсан. Томоохон хэмжээний тендерүүд нээлттэй явагдаж байгаа болов ч мэдээлэл дутмаг байгаагаас шалтгаалан иргэдийн тавих хяналт суларч байна. Бид эхний хоёр жил аймаг болгонд иргэдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгуулсан” хэмээн ярилаа. Иргэдийн дунд явуулсан судалгаагаар боловсрол, эрүүл мэнд, газрын алба, уул уурхайн салбарт хамгийн их авлига явагдаж байна гэж үзжээ. Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангаас зөвлөмж гаргаж, АТГ болон Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн байна.

С.Намхай

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top