Дундговь аймгийн нутагт орших Их газрын чулууны ууланд Хустайн байгалийн цогцолборт газраас Монгол тарвага сэргээн нутагшуулах ажил амжилттай хэрэгжүүллээ.
Энэ тухай Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны дарга Р.Баттүвшин “Их газрын чулууны уул орчимд 2000 оны дунд хүртэл Дундговь аймгийн хэмжээнд тарвага элбэгтэй газрын тоонд ордог байсан. Улмаар хүний буруутай үйл ажиллагаанаас болж 2010 оноос хойш тус газарт тарвага үзэгдэх нь багасаж ер нь бараг устаад байсан. 2017 оноос хойш ганц нэг үзэгдэх болж 2018 онд Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Тарваганы тооллого явуулж тодорхой тооны тарвага нутагшиж байгаа нь тус төслийг эхлүүлэх урам зориг өгсөн юм. Тарвага нутагшуулснаар биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагдах юм” гэж ярилаа.
Тарвага нутагшуулсан газартаа харуул хамгаалалтыг сайжруулж байгаль хамгаалагч хоёр, идэвхтэн байгаль хамгаалагч гурван хүнийг цалинжуулан ажиллуулж, хөдөлгөөн мэдрэгч камеруудыг байршуулснаар хууль бус агналт гарах нөхцөл гарахгүй аж.
Тарвагыг хууль бусаар агнавал эр тарвага 170000 төгрөг, эм тарвага 210000 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээтэй бөгөөд хоёр дахин нугалж дээр нь Зөрчлийн тухай хуулиар 500000-3000000 төгрөгийн торгууль төлөх журамтай. Энэхүү төслийг БОАЖЯ, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Байгаль орчин, уур амьсгалын сан, Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, ШУА-ийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн дэмжин Сайнцагаан сумын иргэн Б.Бат-Эрдэнэ, М.Зулбаяр захиралтай "Авралын эрэлд” ХХК хамтран ажилласан байна.
Сэтгэгдэл ( 0 )