Загас агнуурын дэлхийн өдрийг 1985 оноос хойш жил бүрийн зургаадугаар сарын 27-ны өдөр тэмдэглэдэг.
Өнөөдөр усны био нөөц дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүний нэг болж, эрүүл хооллолтын чухал элемент болжээ. Дэлхийн хүн амын хэрэглэж буй амьтны гаралтай уурагт бүтээгдэхүүний 30 хувийг бүрдүүлж байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын илтгэлээс үзвэл, загас үйлдвэрлэлийн хэмжээ 171 сая тоннд хүрчээ. Үүнээс 151 сая тонн нь хүнсэнд хэрэглэх загас эзэлж байгаа бол үлдсэн 20 сая тонныг загасны тос, загасны гурил бүрдүүлж байна. Дэлхийн хүн амын загасны хэрэглээ өсөж, нэг хүнд ногдох загасны хэрэглээ жилд 20.3 кг хүрчээ. Энэ үзүүлэлт 1961 онд есөн кг байжээ.
Дэлхийн загасны аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ 90.9 сая тоннд хүрснээс 87.2 хувийг нь тэнгис далайгаас бэлтгэсэн бол 12.8 хувийг цөөрмөөс бүрдүүлжээ. Загас агнуурын гол бүсэд Номхон далайн баруун хойд хэсэг ордог бөгөөд эндээс жилд 22.4 сая орчим тонн загас барьдаг гэнэ.
Дэлхийн загас, загасан бүтээгдэхүүний экспорт 60 сая тоннд хүрсэн нь 1976 оны үзүүлэлттэй харьцуулбал даруй 2456 хувиар өсжээ. Энэ хугацаанд дэлхийн загас, загасан бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ найман тэрбумаас 143 тэрбум ам.доллар хүртэл нэмэгджээ.
Загас үйлдвэрлэлээр БНХАУ дэлхийд тэргүүлдэг бол Индонез улс хоёрдугаарт бичигдэж, АНУ, ОХУ, Перу эхний тавд багтдаг байна.
Загасны аж ахуйн салбар 120 сая хүнийг ажлын байраар хангаж байна.
Сэтгэгдэл ( 0 )