Энэтхэг улс “Чандраян-2” сансрын хөлгийг сар руу хөөргөхөө товлосон хугацаанаас 56 минутын өмнө тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Сансрын хөлөг Бенгалийн хойг дахь Шрихарикота арлаас хөөрөх ёстой байв.
Энэтхэгийн сансар судлалын байгууллагын мэдээлснээр, сансрын хөлөг хөөрөхөөс 56 минутын өмнө тээвэрлэгч пуужинд техникийн алдаа гарсныг илрүүлсэн байна.
Даваа гарагийн /2019.07.15/ орон нутгийн цагаар 02.51 цагт тус хөлгийг GSLV Mk III пуужингийн тусламжтайгаар сансарт гаргахаар төлөвлөж байсан гэнэ. Төлөвлөгөө ёсоор “Чандраян-2” станц есдүгээр сарын 6-7-нд саран дээр буух ёстой байжээ. Энэтхэг улс дэлхийн дагуул дээр сансрын хөлөг буулгах дөрөв дэх орон болохоор ажиллаж байгаа билээ. Үүнээс өмнө саран дээр АНУ, ОХУ, БНХАУ сансрын хөлөг амжилттай буулгаад байгаа билээ.
Нийт 3.8 тонн жинтэй сансрын станц өмнө нь судлагдаж байгаагүй сарны өмнөд туйлд буух ёстой байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )