Орших уу? Эс орших уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 13

ТҮҮХ ЯРЬЖ БАЙНА

Дундаж эртний үед, бүр тодруулбаас XII-XIII зууны үед Хан Богд уулын ар, Хатан Туулын хар шугуйгаар Монголын Хэрэйд аймгийн Ван хаан нутаглаж байх ахуйд Хан Уул гэх болсон хэмээх яриа домог улиран улирсаар бидний энэ үед уламжлагдсан ажгуу. Эдүгээгээс 380-аад жилийн тэртээ Богд Хан уулын ар, тунгалаг Туулын хөвөөнд Их Хүрээ байгуулагдсанаас инагш энэ уулыг хайрлан хамгаалж, шүтэн дээдлэх явдал нэн ихээр өрнөсөн бүлгээ. 1678 онд Хүрээний сайд Юндэндорж гэгч Богд Хан уулыг дархлуулахаар Манж хаанд бичиг өргөжээ. Тэр бичигт: Монголын дээд ихэс энд төрсөн гэхээс гадна хормойд нь шар хар олон түмэн хурсан их Хүрээ орших, дөрвөн аймгийн чуулган нийлэх энэ сайхан ой мод, ан гөрөө бүрдсэн, олондоо магтагдан, холын хүний сэтгэл татсан Хан уулыг эцэг өвгөдөөс минь эхлэн дархалж ирсэн тул үүнийг хуучин ёсоор онгон дархан болгож хайрлахыг хичээнгүйлэн гуйсугай” гэжээ.

БИ ЯРЬЖ БАЙНА

Ингэж л үе үеийн дээдэс мэргэдүүд энэ өгөөмөр баян, өлзий бүрдсэн уулынхаа төлөө амин голоосоо тэмцэж шаналж, хайрлаж хамгаалж ирсэн болой. Гэтэл өнөөдөр нөгөөх сүр дуулиантай соёл иргэншлийн зуунд Богд уул минь ямархуу байдалтай болоод байгааг хүмүүн бид нүдээр харж, чихээр сонсож, цэнхэр дэлгэцээр үзэж сууна. Дэлхийн шим мандлын бүсэд багтсан энэ дархан цаазат ууланд одоо 150 гаруй аж ахуйн нэгж байрлажээ. Тал талаас нь ухаж төнхөөд, урж тасдаад сүйд хийчихсэн нь нүд хальтирмаар. Далаад жилийн өмнө байсан ургамал ногоо одоо огт алга болжээ гэж эрдэмтэд судлаачид халаглан ярьж байна. Уул маань ургаж сэргэх өвс ногоогүй, харж баясах ан гөрөөсгүй болов.

УУЛ ЯРЬЖ БАЙНА

Хан Богд уул би өнөөдөр “хэлд орж” байна. Хэлд орохоос өөр арга алга. Намайг дээр үед Богд Дүнжингарав гэж нэрлэдэг асан. Энэ нэр маань Цагаан лавай тэтгэгч, сайн зүгийг тэтгэгч, номын уриа гэхчлэн олон сайхан утга агуулжээ. Намайг Хангарьдын шинжтэй уул гэдэг байсан. Ээрэм их талд аварга том хан тас сууж буй мэт, харанхуй шивэр хад модон нөмрөгтэй, хаанаас ч харсан цэнхэр униар татан хөхрөн дүнхийж сүндэрлэх миний тухай харь холын эрдэмтэд бишгүйдээ тэмдэглэн бичжээ. Потанин, Козлов, Обручев зэрэг орос их гүрний эрдэмтэн жуулчдын замын тайланд:

“Толгойтын даваагаар урагш давахад Их хүрээний өмнө дэлхийн дархан газрын ахмад Богд уул бараан тунирын ой хучаастай, хөх манан хүдэн татаад, гайхамшигт гоо үзэсгэлэн харагддаг” гэжээ. Богд Хан уул би Хэнтийн уулархаг нутгийн салбар бөгөөд хамгийн өндөр оргил Цэцээ гүн минь 2257 метр өндөр, Богд уул би 34 амтай. Түшээ гүн, Их бага Тэнгэрийн нуруу, Баруун зүүн Ширээт эд маань 2000 метр гаруй өндөр билээ. Би эх орныхоо ойн өмнө захад орших боловч ар өвөргүй модтой. Модны маань бүх нөөц дөчөөд жилийн өмнө 2 живаа 900 гаруй шоо метр байсан гэж эрдэмтэн О.Намнандорж тэмдэглэсэн. Нас гүйцсэн мод бүх ойны минь 87 хувийг эзэлдэг байлаа. Төрөл бүрийн шилмүүст болон навчит модоор баян, янз бүрийн жимсгэнэ, эмийн ургамлаар элбэг байсан үе бий.

БИ ЯРЬЖ БАЙНА

Богд хан уул минь ингэж “ярилаа”. Тэр их баялаг сайхан мод ургамлын ихэнх нь устаж үгүй болжээ. Нөхөн сэргээх нь бүү хэл, мөхөж доройтох шатандаа орсон гэхэд буруудмааргүй.

Тусгай хамгаалалтын бүсийн хууль буруу гарснаас хамаг аюул энэ ууланд нүүрлэснийг зурагтаар нэгэн эрдэмтэн харуусан ярьж байлаа. Аялал жуулчлалын бүс гэдэг нь хэн бугайд ч захирагддаггүй ёстой нэг дархан эрхтэй аж. Дархан цаазат ууланд дархан эрхээ эдлэгчид гэж хэн бэ? Миний мэтийн борчууд биш гэдэг нь тодорхой.

Нүхт төрийн томчуудын зуслан байсан бол одоо томчууд, баячуудынх болон үлджээ. Эрх мэдэл, эд хөрөнгийн хаанчлал гэдэг мөн ч аймшигтай яа. Долоон давхар буудал бий. Цаана нь гуч орчим байр байна. Хязгаарлалтын бүсийг дураараа өөрчилдөг болжээ. Хуулийг УИХ, Яам тамгад өөрчилдөг бололтой. 2004 оны гурван Яамны Сайдын тушаал гэгч нь Богд уулын бодийг хөтлөхөд их “хувь хандив” өргөжээ. Хатан Туулаа ширгээж, Хан Богд уулаа сөнөөчихөөд нөгөөх алдаршуулан дуулж гайхуулдаг хашийн цагаан Улаанбаатараа, хамаг түмэн ард олноо яах болж байна вэ? Энэ уул, гол хоёр орших уу, эс орших уу?

ТҮҮХ ЯРЬЖ БАЙНА

Байгаль хамгаалах яамны урилгаар 1989 онд манай оронд ирсэн ЮНЕСКО-ийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн дэд ерөнхийлөгч Ж.Лонг Богд уулын байдалтай танилцаад “Энэ чинь дархан цаазат уул биш, эдэлбэр газар байна шүү дээ. Үүнийгээ зохицуулсны дараа дархан цаазат газар болгох тухайгаа ярь” гэж хэлсэн удаатай. Гучаад жилийн өмнөх энэ явдал түүх болон улиран олжээ. Өвөг дээдэс маань дээр үеэс онголон тахиж ирсэн Хан Богд уулынхаа хөрс ургамлын санг сүйтгэх нь бүү хэл, ууландаа ч авирч гишгэхийг цээрлэж, сунаж мөргөсөөр бүтэн тойрдог сайхан уламжлалтай байсан гэдэг. Монголын Ногоонтны хөдөлгөөн, Богд уулын Захиргаа, ер нь төрийн дээдсүүд юу бодож байна аа, юу хийж байна аа. Түүх хариугаа авах өдөр ирнэ гэдгийг бодоорой доо.

УУЛ ЯРЬЖ БАЙНА

Миний ой мод, хад асга, нүх сүв бүрээр буга согоо, булга шилүүс, хүдэр, гахай, хэрэм, жирх, үнэг, чоно, хярс, чандага, тарвага, зүр гур, үхэр огодой, алаг даага, туулай, мэхээрийн бор, орог зусаг зэрэг ан амьтан мөн ч олон байсан даа. Хөхөө, өвөөлж, алтан хараацай, элээ, хөх цөцгий, чогчиго зэрэг шувууд холоос ирж зусан, үр зулзагаа өсгөөд өнөр олуул буцдаг байлаа. Миний өвөрт байнга нутагладаг хур, сойр, ятуу, хөтүү, шаазгай, тоншуул, хэрээ, харцага, бүргэд, шонхор, бялзуухай мэт төрөл бүрийн жигүүртэн олон бий сэн. Эд бүгд өдрөөс өдөрт цөөрсөөр байх болжээ.

Би чинь бас ашигт малтмал, түүх дурсгалын арвин нөөцтэй уул юмсан. Дээхэн үед хүмүүс Ар Зайсан, Зуун модны минь амны хурдас доороос аварга хирсний яс гаргаж авч л байсан. Одоо ч надад эртний амьтдын ул мөр, үүц нөөц бий шүү. Миний ургамлын сан хөмрөг жилд 40800 тонн нүүрстөрөгчийг шингээж, 20400 тэрбум шоометр агаарыг хүчилтөрөгчөөр баяжуулан, хүмүүсийн амьдрал, эрүүл мэндийг тэжээн тэтгэж, аж төрөхөд чинь мөн ч их нэмэр тус өгсөөр ирсэн сэн. Гэтэл одоо миний чадал хүрэхээ болилоо.

Тэр их хүчилтөрөгчийн уурхай болсон ой мод минь түймэрт өртөж байна, сүхэнд өртөж байна. Миний араар урсах хатан Туул гол минь хусарч ширгээд, хуурай сайр үлдэх цаг хугацаа дөхөж байх бололтой. Хайрга элсийг нь зөөсөөр хамаг л биеийг нь урж сэглэн, гүнзгий нүхнүүд үй түмээрээ үлдэх болсныг би харж суухдаа мөн ч ихийг бодож, харуусал халаглалын мананд төөрч гүйцлээ. Хүмүүс минь биднийгээ хайрлаж хямгадахгүй бол Алтан тэвшийн хонхор чинь аюумшигт оршуулгын газар болох нь ээ. Энэ уул гол хоёр орших уу, эсвэл эс орших уу? аугаа их В.Шекспирийн орших уу, эс орших уу? гэсэн алдартай үгийг эрхэм дээдсүүд та бүхэнд сануулмаар байна. Уул миний гомдол, сануулга ийм болой.

 ТОДРУУЛГА БУЮУ ТӨГСГӨЛ

Уул, хүн, түүх гурав ийнхүү ярилаа. Энэхэн цаг үеийн байдлаас үүдэн бяцхан тодруулга хийж эл нийтлэлийг өндөрлөе. Өнөө гэхэд Богдхан ууланд хууль бусаар барьсан барилгын тоо тоймоо алдаад байна. Зохих албаныхан, байгаль хамгаалагчид ажлаа зогсоох, барилгыг нь албадан буулгах шийдвэр танилцуулдаг ч том толгойтонгууд зөндөө барилга урьд нь барьсан шүү дээ, ялгаварлаад байхдаа яадгийм гэчихээд ажлаа үргэлжлүүлээд байдаг аж. Богд уулын 34 амны 30 нь газрын эрлэгүүд, галзуу зэрлэгүүдийн гарт ороод байна. 10 гаруй жилийн өмнө энэ ууланд газар бүхий иргэн, аж ахуйн нэгж 150 орчим байсан бол одоо 2100 гаруй болтлоо өсчээ. Тусгай хамгаалалттай энэ бүсийн 6000 га нь суурьшилд эзлэгджээ. Таван жилийн дараа энэ уулын тал нь суурьшлын бүс болсон байж магадгүй нь гэж албаны зарим хүн халаглан ярьж байна. Дэлхийд данстай уулаа аврахын тулд даруйхан хөдлөх цаг болжээ.

2018-04-15

“Зиндаа” сэтгүүлийн 2018 оны №09/509 дүгээр дугаараас онцлов

Нийтлэлч Э.Хархүү

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УБ(64.119.23.9) 2019 оны 08 сарын 14

Барсболд нөгөө со рестораны хүүхэн 2 эхлүүлсэн бизнесийн балаг

0  |  0
matilda(41.138.89.223) 2019 оны 08 сарын 13

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top