Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн ихэнх санал дээр ойлголцсон

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 13

-“Б” сорьцын дүн гартал сэргээшийн шинжилгээний хариуг нийтэд хэлэхгүй гэсэн журмын заалт бий-

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодрууллаа.


-УИХ дахь МАН-ын бүлгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Гишүүдийн байр суурь ямар байгаа вэ. Ажлын хэсгийн зөвшилцөл дууссан уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахалж буй Зөвшилцлийн ажлын хэсэг дөрвөн удаа хуралдаад байна. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслийг нэг санал болгож хэлэлцэнэ. Олон төсөл хэлэлцэхгүй. Бусад нь хажуугийн санал болж, саналын түвшинд хэлэлцээд явах юм. Зөвшилцлийн ажлын хэсэг үндсэндээ саналаа нэгтгэсэн. Үүнийг өнөөдөр (өчигдөр) бүлгийн хурлаар хэлэлцэж байна. Мөн бүлгийн гишүүд орон нутагт ажиллахдаа сонгогчтойгоо уулзаж, саналыг нь сонссон. Ер нь завсар л гарах юм бол гишүүд иргэдтэйгээ уулзаж мэдээлэл өгч байх ёстой. Тиймээс бүлгийн гишүүдийнхээ саналыг сонсож, мэдээллээ хуваалцаж байх ёстой юм. Үүний дагуу Их тэнгэрт Бүлгийн гишүүдийн санал дүгнэлтийг өнгөрөгч ням гарагт сонссон тул бүлгийн хурлаар хэлэлцэж байна.

-Зөвшилцлийн ажлын хэсэгт тодорхой ямар байр сууриуд илэрхийлж, нэгдэж байна вэ?

-Ерөнхийлөгчийн өргөн барь­сан төсөлд нийтдээ 49 санал бай­гаа. Үүний ихэнх санал дээр ойлголцчихсон.

-Ихэнх нь ойлголцчихсон гэхээр дэмжээд явсан гэсэн үг үү?

-Ерөнхийлөгч татах саналаа татчихсан. Мөн нийлүүлээд найруул­сан саналууд бий. Дахин сайтар ярилцах ёстой 2-3 зүйл байгаа. Тухайлбал, гишүүдийн тоог 108 болгох, таван жилийн хуга­цаатай сонгодог байх, холимог тогтол­цоогоор сонгууль явуулах гэх мэт.

-Ерөнхийлөгч төслөөс ямар саналуудаа татаж авсан бэ?

-Ерөнхийлөгчийн 49 санал дотор олон зүйл бий. Жишээлбэл, Монгол банктай холбоотой асуудлаа татаж авсан. Мөн Дөрөвдүгээр бүл­гийн орон нутгийн удирдлагатай холбоотой олон заалт байсан. Үүнээс хэд хэдийг татсан. Шүүхтэй холбоотой саналаасаа мөн татсан. Гол ярилцах ёстой 4-5 асуудал байна.

-Ардчилсан намын зүгээс таны нэр дээр хүсэлт гаргаж санал өгсөн. Сөрөг хүчний санал туссан уу?

-Зарим нь тусгагдсан. Хамгийн гол санал нь “Ард нийтийн санал асуулгаар баталъя” гэсэн санал байгаа юм билээ. Нийт ард түмний санал асуулгаар батлах уу, эсвэл УИХ батлах уу гэдгийг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийднэ. Хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа гуравдугаар хэлэлцүүлэг хийх үү эсвэл намар нийт ард нийтийн санал асуулгыг зохион байгуулаад батлах уу гэдгийг шийдэх ёстой. 

-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах АН-ын саналыг дэмжсэн үү?

-Одоо хэлэлцэгдэж буй төсөл дотор бий.

-Таван жилийн хугацаатай, 108 гишүүнтэй болох санал дээр гишүүд ямар байр суурьтай байгаа вэ. Нэг хэсэг нь дэмжээд нөгөө хэсэг нь дэмжихгүй гэж яриад байна л даа. АН-ынхан бүр 99 гишүүнтэй болох ёстой гээд байгаа?

-Ардчилсан нам 99 гээд байгаа юм. Өмнө нь янз бүрийн тоо ярьж байсан юм билээ. Анх 1992 онд УИХ-ын гишүүдийн тоог тогтоохдоо 102 гишүүнтэй байя гэсэн санал гарч байсан байдаг. 108 гишүүний тухайд хүмүүс янз бүрийн саналтай байна. Яагаад Ерөнхийлөгч тийм саналыг гаргасан бэ гэдэг тайлбарыг гол нь сонсох хэрэгтэй. Энэ бол хүн амын тоотой харьцуулж байгаа. 1992 онд Үндсэн хуулийн батлахад Монгол Улс хоёр сая хүнтэй байсан. Тэр үед 76 гээд тогтоочихсон. Гэтэл одоо манай улсын хүн ам 3.2 сая болчихсон бана. Тийм учраас хүн амын тоотойгоо харьцуулахад 108 УИХ-ын гишүүнтэй болох боломжтой гэж оруулсан юм билээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд куб язгуур гаргахад 144 байна гээд байгаа. Гэсэн ч 144 биш, 76 биш 108 дээр тогтъё гэж байгаа юм билээ л дээ.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт намрын чуулга­наас өмнө батлагдаж амжих уу. Амжихгүй бол дараагийн парламент батлахаас өөр аргагүй гэдэг зүйл яриад байна л даа...

-Үндсэн хуулийг батлах цаг хуга­цааны дээд хязгаар нь оны сүүлч хүртэл байгаа. Сонгууль болохоос зургаан сарын дотор Үндсэн хуульд гар хүрч болохгүй гэдэг заалт дотроо явна. Энэ хугацаандаа амжиж баталбал батална, амжихгүй бол амжихгүй л гэсэн үг.

-Үндсэн хуульдаа нэмэлт, өөрч­­лөлт оруулаад араас нь Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах уу?

-Хэдэн хуульд яаралтай өөрчлөлт оруулна. Үүн дотор Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль зайлшгүй багтана. Нутгийн удирдлага, шүүхтэй холбоо­той асуудлуудыг яаралтай өөрчилнө.

-Цаг хугацааны хайчин дунд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орж чадах уу гэдэг эргэлзээ байгаад байна...

-Амжихын төлөө ажиллана. Нэгэнт л Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө өргөн барьчихсан шүү дээ. Ерөнхийлөгч өөрөө ажлын хэсгийг ахалж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд хамаг ажлаа хойш нь тавьчихсан шүү дээ.

-Шадар сайдын харьяанд байдаг Мэргэжлийн хяналтын байгууллагын нэгэн дарга ойм­сондоо ихээхэн хэмжээний ам.дол­лар нуусан асуудал өнгөр­сөн хугацаанд дуулиан тарилаа. Салбар хариуцсан сайд таны хувьд ямар хариулт өгөх вэ?

-Мэргэжлийн хяналтын байгуул­лагын удирдлагуудыг өнгөрөгч долоо хоногт дуудаж уулзсан. Намайг Шадар сайд болон томилог­дохоос өмнө болчихсон хэрэг, надад хамаагүй гэж болохгүй. Одоо ажиллаж байгаа хүмүүс нь бид хамаагүй гэдэг байдлаар хандаж болохгүй юм. Энэ асуудал дээр бүгд санал солилцож цаашид яаж ажиллах вэ гэдэг дээрээ тохи­ролцъё гэж ярьсан. Надад тодорхой саналуудыг ирүүлсэн. Ойрын хугацаанд Мэргэжлийн хяналтын байгууллагатай холбоотой асууд­лаар хэд хэдэн өөрчлөлтийг хийнэ.

-Өөрчлөлт гэхээр хариуцлага тооцно гэсэн үг үү?

-Заавал хариуцлага тооцно гэсэн үг биш. Нэг хүнийг явуулаад, хоёр хүнийг явуулаад нөгөө дутагдал нь хэвээрээ давтагдаад явах юм бол тэр бол өөрчлөлт биш. Гол нь энэ байгууллага цаашаа яаж үр дүнтэй ажиллах вэ, яаж ил тод ажиллах вэ гэдэг дээр өөрчлөлтүүд хийгдэнэ.

-Үндэсний их баяр наадамд зодоглож цол хүртсэн хоёр бөхөөс сэр­гээшийн төрлийн бодис илэр­сэн. Үүнийг хэрхэн шийдэх ёстой вэ?

-Тунчиг болчимгүй зүйл болсон. Өнөөдөр (өчигдөр) 11:00 цагт Улсын баяр наадмын бөхийн комисс  мэдээлэл хийсэн. Баяр наадмын хуулийн дагуу наадмын дараа нийт 16 бөхөөс сэргээшний шинжилгээ авч БНСУ руу явуулсан. Хариу нь нэг сарын дараа ирсэн. 16 бөхөд сэргээшийн шинжилгээ хийхэд 14 бөх нь эсрэг буюу хэвийн, хоёр бөхийн хариу асуудал байгаа. Гэхдээ журмын дагуу хэрвээ тухайн бөх “Б” сорьцын шинжилгээний дүнг харна гэсэн санал гаргах юм бол тэр зардлаа өөрөө хариуцаад хийлгэж болно. “Б” сорьцын дүн гартал сэргээшийн шинжилгээний хариуг нийтэд хэлэхгүй гэсэн журмын заалт бий. Өнөөдөр сэргээш илэрсэн хоёр бөх “Б” сорьцыг өгөх үү, үгүй юу гэдгээ шийднэ. Энэ нь сайн дурын асуудал. Нийтэд зарлахын хувьд бол зарлана. Гэхдээ хэзээ, яаж, ямар нотолгоо үндэслэлээр зарлах вэ гэдгээ харах ёстой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.223) 2019 оны 08 сарын 13

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(41.138.89.223) 2019 оны 08 сарын 13

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top