Хатагтай А.Алисжабана Боао форумын Улаанбаатарын бага хуралд тусгай зочноор оролцоно

2019 оны 08 сарын 20

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн  комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанаг өчигдөр /2019.08.19/ хүлээн авч уулзаж, Монгол Улс-НҮБ-ын АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд хөгжлийн асуудлууд, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, бүс нутгийн зарим тулгамдсан асуудлаар санал солилцож, ГХЯ-ны дэргэд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэлт болгосон байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах санаачилгын хүрээнд ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын VI бага хурлын үеэр тусгай хуралдаан хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлж, уг асуудлаар бүс нутгийн орнуудын дэмжлэгийг авах чиглэлд АНДЭЗНК-ыг хамтран ажиллахыг хүсэв.

Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана Монгол Улс НҮБ-тэй хөгжүүлж буй хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт болон байгаль орчин, агаарын бохирдол, цахим  эдийн засаг зэрэг чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай Ерөнхий хэлэлцээрт нэгдэн орохыг хүссэн байна.

Хатагтай А.Алисжабана өнөөдөр /2019.08.20/ Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд тусгай зочноор оролцоно.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top