Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Монгол Улсад зохион байгуулж буй форумын анхны арга хэмжээ болох Улаанбаатарын Бага хурал 2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр Шангри-Ла зочид буудалд болж байна.
Улаанбаатарын Бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Монгол Улс нь Азийн орнуудын хооронд эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдаатай үйл ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой Азийн төлөөх Боао форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ирснийг тэмдэглээд Бага хурлыг Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулж буйг онцлов.
Нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана, Азийн төлөөх Боао форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун зэрэг албаны хүмүүс үг хэлэв.
Бага хурлын үйл ажиллагаанд Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Пакистан зэрэг 10 гаруй орны 300 орчим Засгийн газрын болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.“Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор явагдах Улаанбаатарын бага хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг болно.
Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Азийн төлөөх Боао форумын дарга
Эрхэм хүндэт Бан Ги Мүн,
Эрхэм зочид оо,
Хүндэт төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Зун, намрын зааг үе, нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд цаг зав гарган манай улсад зочилж, “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хуралд оролцож буй та бүхэнд юуны өмнө чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улс нь Азийн орнуудын хооронд эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдаатай үйл ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой “Азийн төлөөх Боао форум”-ыг санаачлагч орнуудын нэг бөгөөд форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ирсэн билээ.
Миний бие өнгөрсөн онд Боао форумын жилийн уулзалтад оролцож, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Нэгдсэн Үндэсний Байгууллага, Олон улсын вальютийн сангийн тэргүүн нартай уулзаж байснаа эргэн дурсахад таатай байна.
Монгол, Хятад хоёр улс нь өнө эртнээс хаяа дэрлэн оршиж ирсэн мөнхийн хөршүүд юм. Хоёр улсын харилцаа сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд тогтвортой өргөжин хөгжиж, эдүгээ иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгаад монголын тал сэтгэл хангалуун байдаг. Манай Засгийн газар БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг бүх салбарт шинэ бодит агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй ажиллаж ирлээ.
Энэ онд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ой тохиож байна. Ойг тэмдэглэх арга хэмжээг хоёр тал өргөн хүрээнд зохион байгуулж байгаагийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн төрийн айлчлал, БНХАУ-ын дэд дарга Ван Цишаний Монгол Улсад хийсэн айлчлал зэрэг олон чухал арга хэмжээ багтаж байна.
Дипломат харилцааны 70 жилийн ойн хүрээнд Азийн төлөөх Боао форумын арга хэмжээг Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог улам бэхжүүлэх, бусад түнш орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаа гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлэхэд чухал түлхэц үзүүлнэ хэмээн найдаж байна.
Хүндэт зочид оо,
Хатагтай, ноёд оо,
Улаанбаатарын бага хурал “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор болж буй нь өнөө үед бүс нутаг, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг даван туулах гарц нь гагцхүү улс орнуудын уялдаатай үйл ажиллагаа байх юм гэсэн итгэл үнэмшилтэй холбоотой хэмээн харж байна.
Мэдээлэл, харилцаа холбоо, аж үйлдвэрийн технологийн дэвшил, тэдгээрийн хурдацтай тархалтын нөлөөгөөр дэлхий дахин, бүс нутгийн байдал түргэн хувирамтгай, эмзэг болж буй нь бидний амьдарч буй өнөөгийн цаг үеийн онцлог юм. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгарч буй томоохон сорилтуудыг даван туулах зорилгоор “2030 он хүртэлх дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг улс орнууд хамтран дэвшүүлж, ногоон, тогтвортой хөгжлийг хамтын зорилгоо болгон ажиллаж буй хэдий ч олон улсын хамтын нийгэмлэгийн хүч, нөөц боломжинд эргэлзэх, олон талт хамтын ажиллагаанаас зай барих хандлага гарч буй нь ч өнөөгийн цаг үеийн онцлог юм. Тиймээс хөрш зэргэлдээ орнууд, бүс нутгийн орнууд давуу талаа уялдуулан, бие биеийнхээ хөгжлийг дэмжиж, хамтын хөгжил дэвшилд тэмүүлж байгаагаа нотлох нь өнөөдрийн хуралд оролцогчдоос дэвшүүлэх гол санаа, эерэг дохио байна гэдэгт би итгэлтэй байна.
Монгол Улс хөрш зэргэлдээ орнуудтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй хамрагдах, бүс нутаг, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд өөрийн бололцооны хэрээр хувь нэмэр оруулахыг эрмэлзэж ирснийг та бүхэн мэднэ. Бид энэ бодлогоо цаашид ч үргэлжлүүлэх болно.
Өмнөд хөрш БНХАУ ч өөрийн хөгжлийн үр өгөөжийг хөрш зэргэлдээ орнуудтайгаа хуваалцан, хамтдаа хөгжих бодлогыг тууштай хэрэгжүүлж буйг бид өндрөөр үнэлдэг бөгөөд Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж байна.
Хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг болон “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбарын томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй нь гурван улсын хөгжил дэвшил төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү таатай нөхцөлийг бүрдүүлэх юм.
Өнөөдрийн бага хурлын сэдэвчилсэн хэлэлцүүлгийн үеэр хоёр болон гурван улсын хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээ, төслүүдийн талаар та бүхнээс тодорхой бүтээлч саналуудыг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Хүндэт зочид оо,
Хатагтай, ноёд оо,
Түнш орнууд, олон улсын байгууллагуудтай ойр дотно хамтран ажиллаж буйгийн үрээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, тогтворжиж буйг тэмдэглэхэд таатай байна.
Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэх болно. Манай улсын эдийн засгийн гол тулгуур болж буй уул уурхайн салбарын хөгжлийг урагшлуулахын зэрэгцээ хөгжлийн шинэ тулгууруудыг бий болгох үүднээс дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн бус салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэт технологи нэвтрүүлэх, инновацийг нутагшуулахад чиглэсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх болно.
Монголд хөрөнгө оруулах, бизнесийн үйл ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар манай холбогдох байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөс тавих илтгэлүүдэд анхаарал хандуулж, цаашид ойр дотно хамтран ажиллахыг та бүхнээс хүсье.
Бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 0 )