Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна

2019 оны 08 сарын 22

Нийгмийн даатгалынхан “явуулын үйлчилгээ” гэх шинэ ажил эхлүүлээд хагас жил шахам болж байна. Төрийн үйлчилгээ гэхээр хүнд суртал, урт дараалал төсөөлдөг иргэдийн хувьд өөрийнх нь ажил, гэрт хүрч үйлчилнэ гэхээр ихээхэн олзуурхаж байгаа юм.

Тус үйлчилгээг гурван үе шаттайгаар явуулж байгаа юм байна. Эхний ээлжинд Нийслэлийн төвийн зургаан дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд дээр очиж үйлчилгээ үзүүлжээ. Нийт 25 удаа зохион байгуулсан тус ажлын үр дүнд 4353 иргэн ажлаа хийнгээ нийгмийн даатгалын зөвлөгөө мэдээлэл, үйлчилгээ авч амжсан байна. Эрүүл мэндийн даатгалд 354, сайн дурын даатгалд 207 иргэнийг шинээр хамруулж, шимтгэлээ төлж амжаагүй 247 даатгуулагч шимтгэлээ төлж, дэвтрээ баталгаажуулсан байна. Мөн нийгмийн даатгалын орлого зарлагаа хянаж, хуулийн мэдээлэл авах боломж бүхий Нийгмийн даатгал гар утасны аппликэйшнийг 508 иргэн шинээр суулган ашиглаж эхэлжээ.  

Зуны амралт, аяллын үеэр иргэдийн байрладаг хотхон хороолол, зуслангийн бүсүүдэд явуулын үйлчилгээг хүргэж эхэлсэн бөгөөд нийтдээ 6 бүсэд зохион байгуулж, 475 даатгуулагчид үйлчилжээ. Хороолол, зуслангийн бүсэд зохион байгуулахдаа иргэдийн оролцоог хангах зорилгоор амралтын өдрүүдэд үйлчилгээ үзүүлснээрээ онцлогтой.

Харин дараагийн удаад явуулын үйлчилгээг их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Ирээдүйн даатгуулагч болох оюутан суралцагчдад нийгмийн даатгалын ач холбогдлыг тайлбарлаж өгөх нь хариуцлагатай даатгуулагчийн тоог нэмэгдүүлнэ гэж тэд үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top