БНАЛАУ-д ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 27-ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасидад бараалхав.
Дэд сайд Б.Батцэцэг 2015 оноос хойш хоёр улсын ГХЯ-дын ээлжит зөвлөлдөх уулзалт Вьентьян хотноо болж байгаа нь Монгол, Лаосын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглээд Лаос Улсын Гадаад хэргийн сайдыг Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов.
Сайд Салөмсай Гуммасид “Монгол Улсад айлчлах хүсэлтэй байна. Монгол, Лаосын хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжиж байгаа”-д сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Манай улсын Засгийн газрын тэтгэлгээр эдүгээ 45 лаос оюутан Монголд суралцаж байгаа бол Лаос Улсын Засгийн газрын тэтгэлгээр манай 20 гаруй оюутан залуус тус улсад боловсрол эзэмшиж байна.
2018 онд Монгол Улсын Засгийн газраас Лаос Улсад хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 1050 хонь өгсөн нь эдүгээ 1400 болон өсч, лаос нутагт идээшиж байгаа нь Монгол, Лаосын найрамдлын шинэ бэлгэ тэмдэг болж байгааг Лаосын Гадаад хэргийн сайд онцолж байв. Манай хоёр улс далайд гарцгүй улс орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлд нягт хамтран ажиллаж байгаагаа үргэлжлүүлэхээ нотлов.
Сэтгэгдэл ( 0 )