УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зарим заалтын найруулгын чанартай асуудлаар санал хураалт явуулж байна.
Хуралдаанаар төслийн гуравдугаар зүйлийн 1 дэх заалт буюу зургаадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “иргэн бүрт” гэснийг “иргэн бүрд” гэж өөрчлөх УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нарын саналыг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Бид зөвийг буруу болгох гээд байна. Иргэн бүрт гэж байх ёстой. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Өвөрхангайд Бүрд сум байдаг болохоор тэгээд байгаа юм. Сүүлийн үед манайхан үг зохиогоод болохоо байлаа. Жишээлэхэд, монголчууд нэлээдгүй гэж ярьдаг болсон. Нэлээд гэж үг байдаг болохоос нэлээдгүй гэж үг байхгүй. Тиймээс иргэн бүрт гэж зөв бичих ёстой” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Төрийн хэлний зөвлөлөөс надад бичиг ирсэн. Ажлын хэсэг дээр өдөржин хуралдаж Улаанбаатарт гэж болно. Бүр гэдэг нь эм үг учраас “д” бичигдэнэ. Ер нь одоогийн Үндсэн хуульд 19 үгийг өөрчлөөч гэдэг саналыг С.Дулам докторын ирүүлсэн санал бий. Олонх гэдэг үг бий. Олонхи гэж ардаа “и” үсэггүй бичдэг болсон юм байна. Хэлний зөвлөлөөс ийм тайлбарууд ирүүлсэн. Бүрд гэдэг нь бүрэн болох гэсэн утгатай. Хүн болгонд буюу хүн бүрд болно” хэмээн тайлбарлалаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Крилл үсгийн дүрэмд “р” үсгийн дараа өгөх, оршихын “д” нөхцөлийг залгана” гэж заасан байна” хэмээн нэмж тайлбар хийв.
Ийнхүү санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 90 хувь нь дэмжиж Үндсэн хуульд “иргэн бүрд” гэж бичихээр боллоо.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )