ЧУУЛГАНЫ ТОЙМ: Засгийн газрын зээлийн хэлэлцээрүүдийг батлав

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн /2019.09.12/ чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн сапбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна. Дээрх салбаруудын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2019-2020 онд Монгол Улсад 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны энгийн эх үүсвэрээс 252.0 сая, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82.0 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж.  Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн нэмэлт санхүүжилт, бүс нутгийн замыг сайжруулах нэмэлт санхүүжилт, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхээр таван төслийг тохирч, “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т тусгасан байна.   

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр, төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр-2” төслийн хүрээнд ямар ажил хийх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг сонгон хэрэгжүүлж буй шаардлагын талаар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2018 онд соёрхон баталсан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй тогтвортой аялал жуулчлал төслийн хүрээн дэх Хэрлэнгийн хөдөө аралд хэрэгжүүлэх 2 сая долларын төсөл ямар шатанд байгаа, Монгол Улсын гадаад өрийн хэмжээ, энэ талаар ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгаа, орон нутаг дахь бүтээн байгуулалтын ажлын талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна. Хуулийн төслийн талаар санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжсэн гэлээ. 

Хууль санаачлагчийн илтгэл болоод Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийг баталлаа.

Үргэлжлүүлээд Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийг хэрэгжүүлснээр төлбөрийн чадварт нийцсэн, байгаль орчинд ээлтэй 10,000 өрхийн орон сууцыг барих, гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийг дэмжих, ногоон байгууламжийг бий болгох, ингэснээр агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулна үзэж байгаагаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулахдаа дурдлаа. Уг төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн 1, 2 дугаар үе шаттай уялдуулан Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн төслийг Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая амдолларын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Дэвшилтэт технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр тус тус санхүүжүүлэх юм байна. Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү нь 0.25 хувь  бөгөөд зээлийн хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Тус зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Авулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “дасан зохицох чадвар бүхий хот” гэж ямар агуулгатай, 10000 айлын орон сууцыг хаана барих, газар болон бусад зохион байгуулалтын асуудал шийдэгдсэн эсэх, эдгээр орон сууцыг хэн, ямар үнээр барих талаар, УИХ-ын гишүүн Н.Оюундарь төр бүх асуудалд оролцохгүй дэд бүтцийн асуудлыг шийдэж өгдөг байхаар менежмент хийх боломжтой эсэх талаар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр” төслийн хүрээнд ямар ахиц, үр дүн гарч байгаа талаар тус тус асуулт асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулсан.

УИХ-ын гишүүн Х.Баделхан төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол УИХ- гишүүн Л.Болд төслийг зөвшилцөх үед гишүүдээс гаргасан саналыг хэрхэн тусгасан талаар эргэж танилцуулж байхад анхаарах, эко-Яармаг төслийг энэ зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжтой эсэх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр төр хувийн хэвшилтэй зэрэгцэн ажиллах буруу, цаашид зохион байгуулалтын асуудалд анхаарах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль батлагдлаа.

Дараа нь Засгийн газраас  2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцсэн. 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд  50 сая еврогийн зээлийн  ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурж байгуулаад байгаа аж. Энэхүү зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн эргэн төлөгдөх хугацаа 7 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 2 жил юм байна.  Олон улсын валютын сангийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 17.42 хувь байгаа бөгөөд Монгол Улсын Өрийн удирдпагын тухай хуулиар хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байна. Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг хоёр улсын Засгийн газар цаашид тохиролцох бөгөөд эхний ээлжинд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног, төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөж байна гэж Сангийн сайд танилцуулгадаа дурдсан. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалт хийх шийдвэрт өөрчлөлт орсон эсэх талаар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар хотын барилга, орон сууцны лифт, лифтний тоног төхөөрөмжийг  шинэчлэх болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөлд зарцуулах эсэх талаар асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийг баталлаа.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улс нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны гишүүнээр 2000 онд гишүүн, 2006 онд зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болжээ. ЕСБХБ-ны Монгол дахь үйл ажиллагаа 2017 он хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэсэн байсан бөгөөд ЕСБХБ-ны Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичгийг 2017 оны 06 дугаар сард баталсан байна. Ингэснээр тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг зарим гишүүн орнуудын адил байгуулж, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх төслүүдийг багцлан үр дүнтэй түргэн шуурхай батлуулах боломж бүрдээд буй аж. “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд нийт 300 сая ам.долларыг олгох бөгөөд эргэн төлөгдөх хугацаа 10-18 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3-5 жил байх аж. “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулах шаардлага бий болсон хэмээн Сангийн сайд танилцуулсан юм. 

Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед асуулт асуух, санал хэлэх гишүүд гараагүй хэмээн УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, хариулт авсаны дараа хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийг баталлаа.

Эцэст нь Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон БНМАУ-ын Засгийн газар,  ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын  Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  

Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийг 1971-1980 оны үед хоёр улсын хооронд байгуулсан Засгийн газрын баримт бичгийн дагуу зохицуулдаг аж. Эдгээр баримт бичгээс Засгийн газар хоорондын 1971 оны протокол, 1979 оны хэлэлцээрийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулахаар тогтсон байна. Уг нэмэлт, өөрчлөлтийг ноот бичиг байгуулах замаар хийхээр хоёр тал тохиролцсон гэлээ.

Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүд гараагүй хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийг батлахыг дэмжлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top