Сэтгүүлчид цахим орчин дахь монгол хэлний зөв, соёлтой хэрэглээнд уриалав

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

"Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа" сэдэвт сургалт өнөөдөр /2019.09.13/ Мэдээлэл, технологийн үндэсний паркт боллоо.

Сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл болон Монголын Сайтын холбоо хамтран зохион байгуулсан ба сургалтын өмнө тус хоёр байгууллага Хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн юм. 

"Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа" сургалтад хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд өргөнөөр хамрагдав. 

Монгол Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Б.Базаррагчаа Монгол хэлний дүрмийн хичээл, Монгол Улсын боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Ганболд “Сэтгүүлчдийн гаргаж буй түгээмэл алдаа” сэдвээр, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор О.Шинэбаяр “Монгол хэлний найруулга зүй” сэдвээр сэтгүүлчдэд тус тус сургалт явуулав.

Доктор, профессор Б.Базаррагчаа "Монгол хэлний дүрэм өөрчлөгдөөгүй. Бид өөрсдөө буруу хэрэглэж хэвшсэнээс буруу ойлголт иргэдийн дунд тогтох хандлага гарч байна. Жишээ нь, сурагчдадаа гэж бичихийг сурагчиддаа гэж буруу бичиж хэвшсэн байдал харагддаг. Сэтгүүлчид гэдэг тухайн улсын үйл явдал, мэдээллийг ард түмэнд хүргэдэг гүүр учраас уншигчид тэдний хэлсэн үг хүчтэй, тэдний бичсэн үг үнэн гэж итгэдэг. Тийм учраас сэтгүүлчид мэргэжлийн болоод бичгийн соёлын хувьд хамгийн өндөр түвшний хүмүүс байх ёстой. Нийгэмд буруу ташаа, давхар ёгт утгатай, шинэ нэр томьёо гаргаж, хэл зүйн дүрэм болон үгийн санг будилаантуулах явдал сүүлийн үед гарч байна. Энэ нь цаашлаад олны амнаас ам дамжин, хэрэглээ болох арвин баялаг хэлний ай савыг гажуудуулах сөрөг талтай. Та бүхэн нийгмийн толь гэдэг утгаараа зөв ярьж, алдаагүй бичих нь зүй ёсны үүрэг, хариуцлага юм" гэдгийг онцолсон юм. 

Доктор, дэд профессор Г.Ганболд сургалтад оролцсон сэтгүүлчдэд цахим сайтуудын мэдээ, нийтлэлд сүүлийн таван жилд гарсан алдаатай хэсгийг шүүн түүвэрлэж, хэл шинжлэлийн үүднээс тайлбарласан юм. Тэрбээр "Сэтгүүл зүйд хамгийн их алдаж байгаа алдааг тоймловол тийн ялгалын нөхцөлүүдийг хольж солих, ярианы хэлээр бичих, нэр болон үйл үгийн хувиллыг эндүүрч залгах, зохисгүй үг хэллэг хэрэглэх, метафор буюу дүрслэлийг оновчгүй хэрэглэх зэрэг алдаа давтагдаж байна" гэв.

Монголын Сэтгүүлчийн нэгдсэн эвлэлийн Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг сургалтын төгсгөлд "Монголын сайтын холбоо болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтарч хоёр дахь удаагаа монгол хэлний найруулга, хэл соёлын талаар сургалт явуулж байсан. Цаашид хамтарч ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Үе шаттай олон сургалт та бүхнийг хүлээж байгаа. Цахим орчинд монгол хэлээр зөв найруулгатай, алдаагүй бичих аяныг хамтдаа хэрэгжүүлж эхэлцгээе" гэж уриалсан бол Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл "Монгол хэлний хуульд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын бодлогын хэм хэмжээг баримталж байгаад хяналт тавих гэсэн заалт байдаг. Энэ заалтыг зөрчсөн байгууллага, хувь хүн Зөрчлийн тухай хуулиар торгуулах заалт ч бий. Энэ заалтын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай санамж бичиг байгуулсан. Цаашид хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай бол албан бичиг явуулж сануулах, энэ байдал давтагдаж, даамжирвал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас торгох хүртэл арга хэмжээ авахаар зохицуулж байгаа" гэдгийг тодотгосон юм. 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top