Хойд Солонгос баллистик пуужин тээвэрлэх чадвартай шумбагч хөлгийг ашиглалтад өгөхөөр бэлтгэж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

БНАСАУ баллистик пуужин тээвэрлэх хүчин чадалтай шинэ төрлийн шумбагч онгоцыг ашиглалтад өгөхөөр бэлтгэж байна гэж NHK суваг мэдээлжээ.

Хиймэл дагуулаас авсан гэрэл зураг дээр энэ сарын 3-ны өдөр Хойд Солонгосын зүүн эрэг орчим 13 багана босгосон байсан бөгөөд арван хоногийн дараа тэнд дээвэртэй нэгэн байгууламж бий болжээ. Барилгын ажил энэ сарын 19-ний өдөр гэхэд бүрэн дууссан байна. Байгууламжийн урь нь 100 метр бөгөөд энэ нь Хойд Солонгосын тэнгисийн зэвсэгт хүчинд буй хөлөг онгоцыг багтаахад хавьгүй илүү орон зай юм.

Миддлберийн олон улс судлалын хүрээлэнгийн шинжээчид Хойд Солонгос шинэ төрлийн шумбагч онгоцыг ашиглалтад оруулах ёслолын арга хэмжээнд бэлтгэж байна гэж таамаглаж байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн долоодугаар сард Синпо хөлөг онгоцны үйлдвэрт биечлэн очиж, шумбагч онгоц бүтээх ажлын явцтай танилцаж байжээ. Тухайн үед Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг шинэ хөлөг онгоц Японы тэнгист тактик даалгавар биелүүлэхэд ашиглагдах болно гэж онцолж байв.

Үүнээс өмнө, АНУ, БНСУ-ын шинжээчид БНАСАУ баллистик пуужин тээвэрлэх хүчин чадалтай шумбагч онгоц бүтээж буй талаар анхааруулж байсан бол 2017 оны сүүлчээр Хойд Солонгос шумбагч онгоцны "Пуккыксон-3" баллистик пуужин бүтээсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(66.181.182.51) 2019 оны 09 сарын 21

usand shumbagch uurgevchiig hovsgol dalaid juulchidad

0  |  0
Top