Цөмийн зэвсгийг бүрэн устгах тухай олон улсын уулзалтад оролцов

2019 оны 09 сарын 27

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр 9 дүгээр сарын 26-ны өдөр болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх хүрээнд өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ цөмийн зэвсгийг бүрэн устгах нь цөмийн зэвсгийг ашиглах, түүний учруулж буй заналхийллээс хамгаалах цорын ганц баталгаа гээд цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэв.

Цөмийн зэвсэггүй бүсийг байгуулах нь зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгийг бүрэн устгах үр дүнтэй арга зам бөгөөд манай улс цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн нь энэхүү үйлсэд оруулж буй тодорхой хувь нэмэр, хүчин чармайлтыг илэрхийлж байгааг онцлов.

Нью-Йорк хотноо ирэх 2020 онд болох Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ (NPT)-ний хэрэгжилтийг хянан хэлэлцэх бага хурлын хүрээнд болох “Цөмийн зэвсэггүй бүсүүд болон Монгол Улс” 4 дүгээр бага хурлын үндсэн зохицуулагчаар манай улс ажиллаж байна.

Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг 2014 оноос жил бүр тэмдэглэж байна. Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдөр нь хүн төрөлхтөнд цөмийн зэвсгийн учруулж буй аюул занал, цөмийн зэвсгийг бүрэн устгах зайлшгүй шаардлагыг олон нийтэд таниулах зорилготой.

Энэ жилийн өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы дарга Тижжани Мухаммад-Банде, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес, гишүүн орнууд, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцов.

Эх сурвалж: ГХЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top