Газрын тосны үйлдвэрийн нэмэлт 236 сая ам.долларын зээлийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.08) хуралдаанаар Засгийн газраас  2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан 1 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Төслийн зөвлөх компаниар шалгарсан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Инженерс Индиа Лимитед” компанийн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг нийт 1235.989 сая ам.доллар байхаар тооцоо гарсан. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрт нэмэлтээр шаардлагатай 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар Энэтхэгийн талтай тохироод буй. БНЭУ-ын  Экспорт-Импорт банкны зээлийн нөхцөл нь хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, хүү (жилийн хүү) 1.75 хувь, зээлийн хөнгөлөлтийн түвшин 29.44 хувь байна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байнгын хороонл танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн зүгээс газрын тосны үйлдвэр барьснаар бензин, шатахууны нэгж бүтээгдэхүүний үнэ 900 төгрөг байна гэж мэдэгдсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны байр суурь, тооцоо хэвээр байгаа эсэхийг илүүтэй тодруулж байлаа. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулахад Энэтхэгийн компани сонгосон шалтгаан, цаашид үйлдвэр ашиглалтад орсноор гарах дайвар бүтээгдэхүүний ашиглалтын талаар лавлав. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр, хариултдаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын  зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд тус банк өөрийн гэсэн шаардлага тавьдаг. Энэ шаардлагад нийт зээлийн 65 хувьд нь тус улсын бараа, ажил, үйлчилгээ худалдан авна гэсэн байгаа. Иймд төслийн техник эдийн засгийн үндэслэлийг “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулсан гэж байлаа. Мөн тэрбээр, 2018 оны арванхоёрдугаар сард газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г үндэслэн үйлдвэрээс гарах нэгж бүтээгдэхүүний үнэ 900 төгрөг гэж байсан. Гэвч уг нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийн хүрээнд 236.0 сая ам долларын зээл авах болсны дагуу нэгж бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өөрчлөгдөх магадлалтай. Бидний хувьд нэгж бүтээгдэхүүний үнийг 1000 төгрөгт барихаар ТЭЗҮ хийсэн болон менежмент хийж байгаа компанийнхантай тохиролцож байгаа. Түүнчлэн евро стандарт хангасан АИ-95, АИ-92, АИ-98  болон дизель, онгоцны түлш үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор  гарах дайвар бүтээгдэхүүнийг ч чухалчилж авч үзсэн. Бидний сонгосон үйлдвэр эхний ээлжинд түлш, шатахуун үйлдвэрлэх бөгөөд бага зэргийн мазут, хий зэргийг гаргана. Үүнийг үйлдвэрийнхээ цахилгаан станцад ашиглахаар ТЭЗҮ-ийг боловсруулсан гэж байлаа. 

Гишүүдийн зүгээс  Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээс 100 хувь хараат байдлаас салж,  үйлдвэр барих, төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага  байгааг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ дэлхийн нефтийн бүтээгдэхүүний үнээс хямд байхад зайлшгүй анхаарахыг онцгойлон сануулж байв. Түүнчлэн газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход газрын тос олборлож байгаа компаниудтай гэрээ хэлцэл хийхийн зэрэгцээ, түүхий эдийн ханган нийлүүлэлт тасралтгүй байхад анхаарч, дотоодын хайгуулаа нэмэгдүүлж баталгаатай нөөц бүрдүүлэхэд бодлогын ажил хийхийг захиж байсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top