Францын 57.985 сая еврогийн зээлээр ОБЕГ-ын техникийг сайжруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд дэмжив

Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын 57.985 сая еврогийн зээлээр хэрэгжүүлэхээр Францын талтай тохиролцоод байгаа юм. Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл нь хугацаа 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байх аж.

Франц Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр Онцгой байдлын ерөнхий газрын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал 80-90 хувьд хүрнэ хэмээн Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хэлсэн. 

Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын техник, тоног төхөөрөмжийн хангамж 55-60 хувьтай. 2016 онд хийсэн судалгаагаар 230-аад тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Улсын хэмжээнд гал унтраах аврах 67 анги, 240 гаруй автомашин ашиглаж байгаагаас 30 хувь нь ОХУ, 20 хувь нь Европын бусад улсуудад үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмж эзэлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top