АНХААРЛЫН ТӨВД: Туркт хориг тавина гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Сирийн хойд хэсэгт явуулж байгаа Туркийн цэргийн ажиллагааг зэмлэн буруутгав.

Тэрбээр Туркт хандан түрэмгийллээ нэн даруй зогсоохыг уриалаад “Сирийн хойд нутагт цэргийн ажиллагаа явуулж байгаатай нь холбоотойгоор Туркт нийлүүлэх зэвсгийн худалдааг хойшлууллаа” гэжээ. Турк улс өнгөрсөн лхагва гарагаас эхлэн хилийн бүсийн курд босогчид болон “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийнхэнтэй тэмцэн цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Гэвч газрын болон агаарын цохилтуудын улмаас энгийн иргэдийн амь нас хохирч байгааг Францын Гадаад хэргийн яам болон Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.

Туркийн цэргийн ажиллагааг Сирийн зүгээс нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдалд халдсан гэж үзэж байгаа юм. Түүнчлэн ОХУ тэргүүтэй олон орон Туркт хандан цэргийн ажиллагаагаа зогсоохыг уриалж байна. АНУ ч мөн Туркийн эсрэг хориг тавьж магадгүй талаараа мэдэгджээ. Тэгвэл Турк улс АНУ-ын заналхийлэл цэргийн ажиллагаагаа зогсооход хүргэж чадахгүй гэж хариу мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top