Ногоон аялал жуулчлалыг хөгжүүлэгч “Чин чандмань”

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

"Зиндаа" сэтгүүлийн 2018 оны №11, 12/ 511, 512 дугаараас онцолж байна.


Мэлхий хад, Хүүхэн уул, Гурван найзын агуй, Аръяабалын сүм, Хардаг хад, Чингис уул, Болорын агуй, Гүнжийн сүм, Хагийн Хар нуур, Ав хан уул (д.т.д 2664 м өндөр). Нэр нь хүртэл шүлэг шиг энэ сайхан газруудад аялагчид очиж байгалийн сайхныг мэдэрдэг билээ. Улаанбаатараас зүүн тийш 50-76 км зайд орших хад асга бүхий уулын өвөрмөц тогтоцтой Бага Хэнтийн нурууны салбар уулс, Ар, Өвөр Горхи, Заан Тэрэлж голын сав, Туул голын эх орчмын энэ газар нутгийг Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүс хэмээн нэрлэдэг. Бөмбөгөр оройтой, хэрчигдсэн эгц хажуу бүхий уулс, тэдгээрээс эх авсан голуудын хөндий хослон харагдах нь Тэрэлжийн бүс нутгийн нэгэн онцлог юм. Тус бүсэд орших хадан уулсын ам бүр нь өвөрмөц хэлбэр тогтоц бүхий хадан цохионуудтай агаад чухам үүгээрээ аялагчдын нүдийг баясгаж сэтгэлийг нь татан, ахин дахин ирэх хүсэл тэмүүллийг нь өдөөдөг ажээ.

Нутгийн хойд захаар Тэрэлж гол урсаж, Цонжинболдог толгойн араар Туул голд цутгах агаад Горхи Тэрэлжийн ойн бүсэд шинэсэн ой, сургар, алирс, ногоон хөвд, хуш, нарс, улиас, гацуур зонхилон ургадаг нь байгаль эхийн харамгүй хишиг юм. Амьтны аймгийн хувьд буга, чоно, хүдэр, туулай, тарвага гэх мэт хөхтөн амьтан, хур сойр, хөтүү ятуу, ногтруу, тоншуул, зэрлэг тагтаа, хэрээ, шаазгай зэрэг жигүүртэн шувуудтай.

Ийм л сайхан нутгийг гадаадын зочид, жуулчид төдийгүй дотоодын аялагчид зорин очиж, байгалийн сайханд сэтгэлийн цэнгэл эдлэн амарч зугаалахыг чухалчилсаар олон оныг үджээ. Тус газарт 1990- ээд оноос өмнө улсын мэдлийн цөөн жуулчны бааз, байгууллагын амралт, зуслан, их, дээд сургуулийн дадлагын полигон байрлаж, олны хөлд тэгтлээ дарагддаггүй байсан бол, чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг баазуудын тоо геометрийн прогрессоор өсөн нэмэгдэж, тэр хэмжээгээрээ гадаад, дотоодын аялагчид Горхи Тэрэлж дэх амралтын газар, жуулчны баазуудыг зорих болсон. Гэвч тэр бүр сэтгэлд хүрсэн аялал жуулчлалын үйлчилгээг авч чадахгүй байх нь олонтоо. Ялангуяа гэр жуулчны баазуудын хувьд ариун цэврийн байгууламж, хог хаягдлын менежментээ зөв шийдэх мэдлэг мэдээлэл дутмаг, хүсэл санаачилга ч ховор, үйлчилгээний соёлд төдийлөн сайн суралцаагүй зэрэг байдлаас шалтгаалан олон аялагч дахин ирэхээс татгалзаж, тэдгээр баазуудын үйл ажиллагаа ч доголдож ирсэн байдаг.

Жуулчны мэдээллийн төвийн http://www.touristinfocenter.mn вэб сайтад мэдээлснээс үзвэл, энд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд, хүүхдийн зуны зуслан, байгууллагуудын амралтын газрууд зэрэг 300 орчим ААН байрладаг гэхээр энэ бүс нутаг олны хөлд хэр их талхлагдах магадлалтай нь ойлгогдоно. Тийм ч учраас байгалийн үзэсгэлэнт тогтоц, амьтан, ургамлын аймаг, ойн нөөц баялгийг хайрлан хамгаалж, байгальд ээлтэй аялал жуулчлалын үйлчилгээг эрхлэх, аялагчид нь ч соёлтойгоор аялан үйлчлүүлж сурах явдал нэн чухал тулгамдсан асуудал болоод байгаа билээ.

Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага ногоон аялал жуулчлалыг дэмжихэд чиглэгдэж байгаатай уялдуулан “Монголд маань XXI зууны хөгжлийн алхаатай хөл нийлүүлсэн гэр жуулчны бааз ер нь хэд байдаг бол?” гэсэн асуултыг өөртөө тавьсаар хэдэн оныг үдсэн миний бие, энэ зуны нэгэн сайхан өдөр Горхи Тэрэлжийг зорин аяны дөрөө жийх боллоо. Найз нөхдийнхөө санал болгосон нэгэн гэр жуулчны баазыг зорьсон нь “Чин Чандмань” хэмээх амралтын газар байсан юм.

Улаанбаатар хотоос 50 км, Налайхаас 15 км зайд орших тус амралтын газарт очихын тулд 50 км-ийн тэмдэг өнгөрөөд баруун гар тал руугаа эргэсэн туслах замыг даган явж Чин Чандмань хэмээх нэрээ тодоос тод байршуулснаар нь хялбархан олж очлоо. Гаднаас нь ажвал байгалийн чулуугаар хийсэн намхавтар хашааг орчинтой нь уусган барьж, үзэгдэх орчноо бүрэн дүүрэн харагдахуйц тохижуулсан нь нэн тэргүүнд нүднээ тусаж байв. Аялал жуулчлалын мэдлэгтэй хүмүүс энэ амралтыг ажиллуулдаг байх нь ээ...

Авто зогсоолд нь унаагаа сойгоод, хамгийн түрүүнд ариун цэврийн анхан шатны хэрэгцээгээ хангах газрыг хайж эхэлсэн юм. Гэтэл ердөө зогсоолын дэргэд нэлээд зэрэглэл өндөртэй газарт л байдагчлан цэвэр цэмцгэр атлаа дутуу зүйл үгүй нийтийн жорлон нээлттэй байлаа. Баярласандаа арай л “Ура” хашхирсангүй. Ингээд бидний хэдэн хүн “итгэж болох үйлчилгээтэй газар юм шиг байна” хэмээн өөр зуураа хэлэлцээд эндээ байрлахаар шийдсэн юм.

Үйлчлүүлэгчдээ хүлээж авдаг байруудын дийлэнх нь гэр ажээ. Ердөө хоёр гурван байшин л харагдана. Дунд зэргийн тохилог гэрт орохоор болж, менежер нь биднийг дагуулан шатаар өгсөж нэгэн гэрийн үүдийг нээж орууллаа. Бараг л таван одтой буудлын гэмээр тохижилттой тансаг монгол гэр биднийг хүлээж байсан юм. Монгол хээтэй иж бүрэн тавилга, зөөлөн тухтай модон ор, өдөн хөнжил, дэр, цасан цагаан ор дэрний хэрэгсэл, ус буцалгагч, цайны хэрэгсэл, хөргөгч, мини бар, караоке зэрэг байх нь “хагас люкс” ангиллын гэрт байх эд зүйлс аж. Хоёр гэрийн дунд, тус тусад нь шийдэж өгсөн цэвэрхэн ариун цэврийн өрөөнд шүршүүр, тосгуур, боловсон жорлон нь гялтганаж саван, оо, сойз, сам, 2-3 төрлийн алчуур зэрэг хүн тус бүрт зориулагдсан зүйлс цоо шинээрээ харагдана. Бидний дөрвүүлээ байрласан гэр хоногт 250 мянган төгрөгийн үнэтэй байх нь гайхшируулахаасаа илүү, ийм үйлчилгээг ингэж үнэлэхээс аргагүй гэсэн сэтгэгдэл төрүүлснийг хэлэх хэрэгтэй. “Баярлалаа” гэдэг үг хэдэнтээ уруул давчихсаныг бодоход, тэдний үйлчилгээ нь бидний хүлээлтээс илүү байсных буй за.

Чин Чандмань амралт орчны тохижилтдоо ч багагүй хөрөнгө зарцуулсан нь илт ажээ. Гэрүүдийн хооронд явган зам тавьж, мод ургамал суулгасан байна. 3-4 хүн сууж болохуйц сандал хаа сайгүй байршуулан, дэргэд нь хогийн сав хийж тавьжээ. Байгальд ээлтэй жуулчны бааз байх нь ээ хэмээн тэрүүхэндээ баясаж, явган зам дагаж алхангаа орчноо ажиглав. Хаашаа л харна ямар нэгэн зүйл засварлан янзлах залуус, өчүүхэн төдий хогийг ч нэг бүрчлэн түүж буй ажилтнууд, түрдэг тэргэнд цэвэрлэгээний хэрэгслээ хийгээд зочдын хүлээлгэн өгсөн гэрийг цэвэрлэхээр явах завгүй охид залуус. Ижил өнгийн цамцаар жигдэрч, энгэртээ нэр, албан тушаалаа бичсэн тэмдэг зүүсэн ажилтнууд нь хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг бололтой.

Гэрүүдийн дунд байрлах төв хэсгийн талбайг гадаа хооллоход зориулан тохижуулсан харагдана. Гэр бүл, хамт олноороо шорлог хийсэн шигээ суухад таатай байхаар аж. Зайдуухан шиг спортын талбайд амрагчид дасгал хөдөлгөөн хийж, зарим нь сагсан бөмбөг тоглоно. Хамгийн том гэрт нь ресторан байрладаг ажээ. Рестораны доод талбайд нэлээд олон гэр байна. Цэвэрлэгээ хийж буй охидтой ярилцахаар тэр зүг рүү алхаагаа нэмэв. Цэвэрлээд дууссан гэрт нь зөвшөөрөл аваад орж үзвэл бидний байрласан гэрээс ялгагдах зүйл тун бага аж. Ялгаа нь гэвэл хөргөгчгүй, харин гал түлэх зуухтай юм байна. “Жуулчид галын илчинд дулаацангаа ярьж суух дуртай байдаг юм. Эдгээр гэрүүдэд зөвхөн зуны улиралд л үйлчлүүлэгчдээ хүлээн авдаг” хэмээн ажлаа шалгаж явсан менежер бидэнд ярилаа. Дөрвөн хүн байрлах энгийн ангиллын гэр нь хоногт 160 мянган төгрөгийн үнэтэй гэнэ. Гэрүүдийн баруун хойд хэсэгт тусгайлан барьсан байшинд эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө, шүршүүрийг багтаасан байх ажээ. Үйлчлүүлэгчид нэгэн зэрэг хэд хэдээрээ ариун цэврийн өрөө, шүршүүр ашиглаж болохуйц хангалттай тоо хэмжээтэй харагдлаа. Туйлын цэвэрхэн байх нь гайхал төрүүлнэ.

Менежертэй уулзсаных, “тэр дээр харагдаж байгаа хоёр байшин ямар үнэтэй вэ” хэмээн асууж амжив. Хоёр байшинд нийт 4 өрөөнд зочин хүлээж авдаг гэнэ. Хосоороо, эсвэл хоёр хүн хамт байрлах өрөөнүүд нэг бүр нь хоногт 400 мянган төгрөгийн үнэтэй ажээ. Очиж үзье гэсээр сул байгаа нэгэн өрөөний хаалгыг нээлгүүлэв. Үнэхээр дээд зэргийн тохь тухыг бүрдүүлсэн өрөө байлаа. Шалнаасаа тааз хүртэл үргэлжилсэн том цонхтой учир гадна орчны байгалийн үзэмж гайхалтай сайхан харагддаг ажээ. Харин хөшгөө хаасан үед бол хот газрын таван одтой буудалд тухалсан мэт санагдахаар юм. Үүнээс илүүгээр тодорхойлох нь илүүц биз ээ. Яг үүн шиг бүтэн люкс гэр 300 мянган төгрөгийн үнэтэй гэнэ.

Ийнхүү танилцах аялал хийж явтал “Хоолны цаг боллоо” хэмээн биднийг дуудлаа. Том гэрт байрлах ресторанд явж орвол маш том дугуй орон зайг үндэсний өвөрмөц онцлогтойгоор туйлын донжтой тохижуулсан байх агаад хоолны ширээг олноор нь багтааж, бусад зайлшгүй эдлэл хэрэгслийг эв дүйтэй байрлуулсан байна. Гал тогоо нь гэртэйгээ залгаа баригдсан багавтар байшинд байрладаг тухай менежер нь бидэнд танилцуулсан билээ. Гал тогооны гэртэй залгаа хаалга нь онгойх төдийд амжиж харвал, орчин үеийн тоноглол хэрэгсэл нүднээ тусч, сэтгэлд сэвгүй цэвэрхэн орчинд хоолоо бэлтгэдэг нь ажиглагдлаа. Тогооч нь дээд зэрэглэлийн рестораны ахлах тогоочийг санагдуулам аж.

Хоол авчрахын өмнө “Цай уух уу, кофе уух уу” хэмээн зөөгч асуусан нь, бидэн шиг кофенд дурлагсдын чихэнд нэн таатай сонсогдож байсныг хэлэх юун. Монгол, солонгос хоол захиалсан бид хэд хоорондоо шэйрлээд амталгаа хийж үзэв. Хоолны амт чанар нь гайхмаар сайн, тун дажгүй амтлаг байсныг энд онцолъё. Монгол, солонгос, европ хоолоор үйлчилдэг тус рестораны ахлах тогооч нь солонгос хүн гэнэ. Гуулин улсдаа алдартай шеф тогооч нарын нэг ажээ.

“Тогоочоо сонгохдоо хүртэл бодлоготой хандсан байна шүү” хэмээн гэнэт анзаарснаа, ер нь захирал нь ямар хүн байдаг юм бол хэмээн сониучирхаж, басхүү сэтгүүлч хүний зүгээр нэг амарч чаддаггүй зан дийлснээр санасандаа хүрч чадсан билээ. Ингээд бид нэгэн тохилог буланд кофе уунгаа чин сэтгэлийн яриа өрнүүлсээр зуны гайхалтай нэгэн үдшийг угтсан юм.

Энэхүү ярилцлагаараа Чин Чандмань амралтын бүхий л ноу-хау-г нээхийг зорьсон би вээр “Чингисийн өвөр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Эрдэнэбаатарын Золмаа хатагтайг зочин хоймортоо урилаа. Эрхэм уншигч та таалан болгооно уу.


Э.ЗОЛМАА: СОНГОЛТ БИЙ БОЛСНООРОО БИД НЭГ Ч ГЭСЭН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ АЛДАХГҮЙГ ХИЧЭЭЖ БАЙНА

-Амралтын газраа Чин чандмань гэж нэрлэсний учир нь юу юм бэ?

-Манай арын хайрхан чинь Чингис уул гэдэг мундаг хайрхан байгаа. Их хаантны сэнтий байдаг уул юм билээ. Их сайхан домогтой түүхэн газар л даа. Газрын маань нэр Чингис уулын өвөр. Чин гэдэг нь Чингисийн нэртэй холбоотой. Чандмань гэдэг нь Чингисийн баатар Чандмань гэж хүн байсан гэдэг. Манай нөхрийн нэр Баатар. Газрынхаа түүхтэй холбоотойгоор өгсөн нэр л дээ. Утгыг нь аль аль талаас нь л бодож өгсөн. Хүмүүс их гоё нэр өгсөн байна гэдэг юм. Аль ч утгаараа бодсон чин сэтгэлийн, чин үнэний гээд олон сайхан утгыг илэрхийлсэн нэр.

-Аялал жуулчлалын бизнест хөл тавих болсон гол шалтгаан нь юу байв?

-Нөхөр,бид хоёр Солонгост хэсэг хугацаанд ажиллаж, амьдарч байсан л даа. Тэгээд солонгосчуудыг Монголдоо авчирч Тэрэлжийн жуулчны баазад амраагаад явж байхад 00, душтэй газар олддоггүй байлаа. Тэр үед “амралтын газар хийх юм бол 00, душтэй, ариун цэврийн байгууламж сайтай л байх ёстой юм байна” гэж ярилцаж байсан юм. Аялал жуулчлалаар хөдөө явж байхад хамгийн хүндрэлтэй асуудал нь л 00 байдаг шүү дээ. Үүнийг л шийдэж өгье гэж зорьсон. Зориглоод л хийж эхэлсэн дээ. Сантехникийн их том ажил өрнөсөн. Нэгэнт ариун цэврийн асуудлыг шийдэж байгаа юм чинь халуун хүйтэн устай болгож, дулааныг нь гэхэд шалнаасаа халаалттай байхаар шийдсэн. Жуулчид өөр газруудаар аялж манайд ирээд алжаалаа тайлж тухтай байг гэдэг үүднээс энэ бүхнийг хийсэн.

Ер нь жуулчдыг ажиж байхад нэг бааз дээр өдрийн хоолоо идээд, морио унаж яваад нөгөө бааз дээр оройн хоолоо захиалж байгаа харагддаг. Ингэж явбал сонирхолтой байдаг юм билээ. Үүнийг бодолцсон. Бүх үйлчилгээг нэг газраас авах боломж бий шүү дээ.

-Танайх ч тохь тухыг бол үнэхээр мэдрүүлэхээр газар байна. Цаашид хэдэн одтой буудлын түвшинд хүрч үйлчлэхийг зорьж байгаа вэ?

-Ер нь зорьж байгаа зорилго гэвэл их том мөрөөдөж байгаа шүү. Амралтаа цаашид өргөжүүлнэ гэсэн бодолтой байгаа. Одоохондоо хүний нөөцийн хувьд шинэ тутам болохоор тэр бүр санаснаар болж өгөхгүй л байна. Гэхдээ нэлээд гайгүй сайн түвшинд үйлчилгээ үзүүлэхийг хичээж байгаа. /инээмсэглэв/

-Даруухан хэллээ. Танайх ямар ч байсан өнөөгийн түвшиндээ л гэр жуулчны баазууд дотроо үйлчилгээний цоо шинэ стандартыг нэвтрүүлж чадсан байна. Гэр жуулчны баазуудад тохь тухтай амарч, сэтгэлдээ хүртэл ариун цэврээ сахиж болох газар ховор шүү дээ?

-Тэрэлжид зундаа 90 гаруй гэр кэмп ажилладаг. 100 арай хүрдэггүй юм билээ. Өвөлдөө бол арван хуруунд багтахаар л ажилладаг гэж байгаа. Манай ганц давуу тал бол, бид өвөл зунгүй үйлчлүүлэгчдээ хүлээж авдаг. Цаашид өвлийн аялал жуулчлалыг боломжийн хэмжээнд хөгжүүлэхийг зорьж байгаа.

-Танайх өвлийн улиралд үйлчлүүлэгч хүлээн авч байсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Өвөл ирсэн хүмүүс маш их сэтгэл хангалуун байдаг. Шалнаасаа халаалттай болохоор их тохитой л доо. Ямар ч утаагүй болохоор агаар нь маш цэвэр тунгалаг. Дээрээс нь зуны энэ их хөвөрч байгаа цуваа ажлын өдрүүдэд байхгүй болчихдог учраас нам гүм бөгөөд цэвэрхэн. Өвөл бол дэндүү гоё.

-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлсний давуу тал нь юу вэ?

-Анхнаасаа л жилийн дөрвөн улиралд ажиллахаар төлөвлөлтөө хийж, дээд зэргийн тохь тухыг өвөл зунгүй мэдэрч байх орчныг бүрдүүлэх зорилго тавьсан. Өвөл зунгүй ажилласнаар ажилтнуудаа ч жилийн дөрвөн улиралд ажлын байраар хангаж хүний нөөцөө тогтвортой барих боломж бүрдэнэ. Манай үндсэн ажилтнууд зундаа 17-18 хүн, өвөлдөө 12-13 хүн ажилладаг. Ажилтнуудаа тогтмол ажилтай, орлоготой байлгах нь ч нөлөөлсөн.

-Өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүний хувьд юуг голлох вэ?

-Өвлийн загасчлал, морин аялал гэх зэргээр тодорхой маршрут, хэд хэдэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн төлөвлөж байгаа. Яг одоо хэлэхэд арай эрт байна л даа. Мэдээж жуулчид, аялагчид өвлийн улиралд хэрхэн аялж амрах сонирхолтой байдгийг дахин судлах шаардлага бий.

-Танайх байгалийн үзэгдэх орчноо хаахгүйгээр намхан чулуун хашаа хийсэн нь хамгийн түрүүнд нүдэнд тусч байлаа. Их таалагдсан.

-Тэр бол нэлээд их ажил болсон шүү. /инээмсэглэв/ Бид аль болох эко орчин бүрдүүлэхийг л хичээсэн. Хараад байхад амралтын газар болгон хашаатай, хамаг юмнаас хаагдсан байгаа нь зочдын хувьд таагүй байдгийг олон удаа харж байлаа. Тийм учраас манай амрагчид уул руугаа чөлөөтэй гардаг, уулнаасаа буугаад тойроод ороод ирсэн ч болохоор ийм л маягаар бодож хийсэн. Чулуу бүрийг өөрсдөө зөөж авчирч, нэлээд их хүн хүчний туслалцаа авч байж босгосон доо. Яг л гэртээ юм хийж байгаа юм шиг сэтгэлээрээ хандаж, нэг хийснийх чанартай юм хийе гэж зорьсон. Наад зах нь, олон хүний гарын ая даахаар тавилга, эд зүйлс худалдаж авдаг гээд дурдаж болно.

 ШӨНИЙН ОДОД ХАРАХ ГЭЖ Л ИРДЭГ ХҮМҮҮС БАЙДАГ

-Танай үйлчилгээний бусдаас ялгарах гол давуу тал нь юу вэ?

-Амралтын газрын хамгийн гол зүйл бол ариун цэвэр, хоол. Бид чинь адилхан л хүмүүс. Жуулчин гэхээрээ л өөр хүн байна гэж үгүй. Хөдөө явахад хамгийн хэцүү байдаг гол асуудлыг шийдсэн нь манай давуу тал гэж болно. Хамгийн түрүүнд “нойл, хоол” хоёр дээд зэргийн сайн байх ёстой гэж бид үздэг. Энэ асуудлыг манайх шийдсэн. Бид үйлчлүүлэгчдэдээ дээд зэргийн амт чанар сайтай хоолоор үйлчлэхийг чухалчилдаг. Манай ахлах тогооч солонгос хүн. Солонгос хоолны газрууд монголчуудад зориулаад хоолны амтыг ихэвчлэн өөрчилчихдөг шүү дээ. Харин манайд бол солонгос хоолыг утгаар нь хийдэг. Хоол үнэхээрийн сайн учраас хүмүүс ч их дуртай байдаг.

-Яагаад солонгос тогоочтой болъё гэж шийдсэн юм бэ?

-Солонгос улс үйлчилгээний соёлоор дэлхийд гайхагддаг. Тогоочтой болъё гэдэг санаа бол солонгос жуулчдыг авчирч байгаа компаниуд нь Монголд ирсэн юм чинь монгол хоол өгөх хэрэгтэй гэдэг ч, зочид нь тэр бүр хоолшдоггүй нь ажиглагдсан. Өөр газар амрах гэж буусан ч манайд хоол идээд буцдаг. Хорхог идсэн ч кимчижигэ, жэеүг байна уу гээд л хажуугаар нь заавал иддэг. Төрөл бүрийн хоолыг үйлчлүүлэгчдийн сонголтоор, мөн аяллын компанийн хүсэлтээр хийдэг. Яг хүссэн хоол нь утгаараа байж байвал хүнд сайхан санагдана биз дээ. Тийм учраас хоолыг маш их чухалчилдаг. Хорхогийг ч дүрлэг, будаа гэх мэт зүйлстэй, шөл, хачирнуудтай нь гаргаад сет маягаар өгдөг. Шорлогийг ч мөн адил ногоо ихтэй хийж өгдөг. Солонгос, европ, монгол хоол ямар байх ёстой вэ, халбага, аяга таваг нь яаж ирэх ёстой тэр бүгдийг стандартын дагуу хийхийг боддог. Аяллын компанид 17-18 жил ажилласан хүн бүр гайхаж байсан. Танайх ямар сүрхий ёс журмаар нь өгдөг юм бэ, яг л дарааллаараа гарч ирээд байх юм. Зүгээр л авчраад тавьчихвал өөрсдөө ирээд л идчихнэ шүү дээ гээд л...

Манайд ази, европын олон зочид тавтай сайхан амраад талархал ерөөл билиг дүүрэн буцдаг, ирдэг.

-Бүгдийг номоор нь хийдэг байгууллага гарч ирнэ гэдэг чинь сайхан санагдаж байна шүү?

-Бид хичээж л байна. Ер нь хүн хэрэглэхгүй байсан ч хэрэгцээтэй юм нь бэлэн байвал амар шүү дээ. Тийм л үйлчилгээг бий болгохыг зориод байгаа. Хөдөө газарт хүний нөөц хэцүү. Тэр бүр ингээд ажиллах боломж байдаггүй.Гэсэн ч манай солонгос тогооч олон жил буудал, ресторанд ажиллаж байсан болохоор манай ажилтнуудад сайн зааж, хэлж өгдөг. “Гэр болгонд байгаа мини баранд бүх юмыг нь хийж өг. Тэр хүн заавал дээшээ доошоо буухгүйгээр тэндээсээ хэрэгтэй юмаа хэрэглээд байвал амар” гээд л. Манай бүх юм нь захиалгын дагуу явдаг тул цаг цагаараа зоолттой. 30 минутын өмнө бүх юмаа шалгаад, дутуу зүйлсийг нь нөхөөд тавих үйлчилгээг хэвшүүлээд байна. Цаг барих, дэг журмыг нарийн баримталдаг.

-Танайх оройн цагаар ирэхэд тод гэрэлтүүлэгтэй учраас олоход хялбар байдаг гэж танайд амарч үзсэн хүн ярьж байсан. Тийм онцлог гэрэлтэй юм уу?

-Манай хоёр байшингийн спираль хэлбэртэй тод цэнхэр гэрэл оройн цагаар тод ялгарч харагддаг л даа. Гэхдээ зочид маань шөнийн одод харах дуртай учир тэдэндээ зориулж гэрлээ зориуд унтраадаг тохиолдол бий. Яагаад гэвэл манайх нэлээд өндөрлөгт байрладаг учраас одод маш ойр, их тод харагддаг юм. Монголын аялал жуулчлалын гол бүтээгдэхүүний нэг нь шөнийн одод харах шүү дээ. Үнэхээр давтагдашгүй гоё, манай улсад л харж болох зүйл байдаг учраас гадаадын жуулчид, зочид маань үүнд их ач холбогдол өгдөг. Зөвхөн шөнийн одод харах гэж л ирдэг хүмүүс байдаг юм.

-Танайх одон орны дурантай болох талаар төлөвлөж байгаа юу?

-Мэдээж тийм. Мөн Чингис уулынхаа түүхийг хүмүүст таниулах аяллын маршрут гаргахаар төлөвлөж байна. Түүхэн баримтуудыг нь баталгаажуулахдаа эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллана. Ер нь нэлээд төлөвлөгөө бий шүү. / инээмсэглэв/

-Гадаадын жуулчид, нарийн мэргэжлийн хүмүүс их сонин аяллуудыг сонирхдог нь анзаарагддаг. Одод харахаас гадна шувуу ажиглах ч гэдэг юм уу?

-Тийм дагнасан, төрөлжсөн аяллуудыг сонирхдог хүмүүс ирдэг юм. Манай энэ хавьд олон төрлийн шувууд, мөн үнэг, тарвага гээд янз бүрийн амьтадтай. Хааяа хашаан дотор ороод ирчихсэн явж байдаг. Тарвага хошгироод л зогсож байхыг харахад их сонин. Бид аль болох амьд байгалиа тэр чигээр нь хадгалж үлдээхийг чухалчилдаг. Унаган ургамлууд нь ч гэсэн устаж үгүй болохгүйгээр хадгалагдах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр санаа тавьж байгаа.

-Зохиолчид, уран бүтээлчид бүтээлээ туурвих тайван газар хайдаг. Тийм газар бол танайх юм байна гэж бас харлаа.

-Тийм. Амгалан дагшин. Онгод хөглөнө шүү. Бүхэлдээ л нам гүм орчин таныг угтана. Манай өглөөний цай 07.00 цагт гардаг жуулчид бол 08.30 гээд л автобусандаа суугаад дараагийн арга хэмжээндээ явна. Үлдсэн зочид сагс, волейбол, хөл бөмбөг тоглох, дуулж бүжиглэх, явган аялал хийх идэвхтэй амралт бүгд нээлттэй. Хэнд ч саад учруулахгүй тайван сайхан.

-Монголчууд болон гадаадын хүмүүсийн үйлчлүүлж байгаа байдалд ялгаа ажиглагддаг уу?

-Маш их. Бид аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлж байгаа бизнесийн байгууллагын өмнөөс үйлчлүүлэгчидтэйгээ харилцаж байгаа. Гадныхан бол үйлчлүүлээд сурчихсан байдаг л даа. Захиалгын дагуу авах ёстой үйлчилгээгээ аваад, морь унах, ууланд аялах цагаа ягштал баримтлаад хоолоо яг товлосон цагтаа идэж, унтаж амрах цагаа ч барина. Оройн 10 цаг гэхэд хэнд ч саад болохгүй хэрнээ өөртөө ая тухтай, сонирхолтойгоор цагаа төлөвлөөд амарч чаддаг. Авах үйлчилгээгээ маш нарийн цаг хугацаа, давтамжтай нь хэлж өгөөд үйлчлүүлдэг учраас бид яг цагтаа бүх зүйлийг нь бэлэн байлгахад л хэн хэн нь сэтгэл хангалуун үлддэг. Хэрвээ галладаг гэрт орох бол шөнө 11 цагт, үүрээр 4 цагт нэг галлуулна. Ингээд бүх үйлчилгээ нь захиалга авах үед тодорхой болчихдог юм. Бид зөвхөн бэлдэх л ёстой. 10 зочинд ширээг нь яаж засах ёстой вэ, хэддүгээр гэрийг бэлдэх вэ яг түүгээрээ л бэлдэнэ. Ийм байдлаар бүх юм зохион байгуулалттай болчихдог юм.

-Харин манайхан?

-Манайхан үйлчлүүлж, үйлчилгээ авахад суралцмаар л харагдаад байдаг юм. Амрах гэж л ирсэн бол яг цагтаа хоолоо идээд, захиалгаа өгч үйлчлүүлээд, үйлчилж байгаа хүмүүстээ ч хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй байна. Хэцүү үе байдаг. Цагаан хэрэглэл, алчуурыг зориулалтынх нь дагуу хэрэглэж сураасай гэж бодогддог. Бид нар цэвэрлэхийг нь цэвэрлээд, хаяхыг нь хаяад л явж байгаа. Манайхан бие биедээ жаахан хүндэтгэлтэй л хандаж баймаар байна. Шөнө орой унтахгүй, наргих гэж л ирдэг хүн олон. Гэхдээ бас гэр бүлээрээ ирж гэрээ аваад, хоолоо захиалж идээд дүрэм журмаараа сайхан амраад буцдаг хүмүүс ч бий. Бас бүгдээрээ ч тийм биш. 10 цагаас хойш караоке ажиллахгүй гэхэд ойлгодог хүмүүс байна. Хэн нэгэнд хүндрэл учруулахгүйн үүднээс соёлтой байж чаддаг хүн улам л олон болоосой гэж хүсдэг дээ. Үр хүүхдээ дагуулаад Мэлхий хад, Гүнжийн сүм гэх мэт зөндөө л сайхан газруудыг үзэж, морин аялал хийх зэргээр сайхан амрах боломж байна шүү дээ.

-Ядаж хүүхдээ морь унуулж сургах хэрэгтэй биз дээ? Морь захиалж унахад ямар үнэтэй байдаг юм бэ?

-Монголчууд морь захиалж унах нь ховор, гадныхан л унадаг. Морь бол цагаараа л үнэлэгдэнэ. 8-10 мянган төгрөг орчим үнэтэй байдаг. Хамгийн гол нь морь унаж явахад хөтөчтэй явна. Хөтөч маршрутаараа явж, тэр газруудынхаа түүхийг ярьж, цагийн аялалд нь таарсан үйлчилгээг үзүүлдэг.

-Энгийн зэрэглэлийн гэрүүдэд зуух харагдсан. Гал түлээд суухад сайхан байхаар юм билээ?

-Солонгосчууд Монголд ирээд монгол ахуйд байж үзэх сонирхолтой байдаг юм. Тийм учраас зуухтай гэрт орох их дуртай. Мөн энэ гэрүүддээ цоожтой авдар тавьсан байгаа. Зочид маань юмаа хадгалах зориулалттай учраас түлхүүрээ өөрөө аваад явдаг. Манай гэрүүд гурван зэрэглэлтэй, мөн байшин гээд сонголт өгч байгаа юм л даа. Сонголт бий болгосноороо бид нэг ч гэсэн үйлчлүүлэгчээ алдахгүйг хичээж байгаа байгууллага шүү дээ.

-Та хоёр Солонгост ажиллаж байсан гэж дээр цухас дурдсан. Тэнд ямар ажил эрхэлж байв? Ажил хийх гэдгийг гүнд нь тултал мэдчихсэн хүмүүс байгаа байлгүй дээ.

-Манай амралт бүхий л аялал жуулчлал, амрагчдыг хүлээж авдаг. Солонгосчуудтай ойр байдаг гэдэг утгаар та энэ асуултыг тавьж байх шиг байна. Бид сурч байлаа, хоолны газар, карго ажиллуулах гээд л юм юм л хийж байлаа. Солонгос бол хүнд жинхэнэ хариуцлагыг мэдрүүлдэг газар. Солонгост хүн их хөдөлмөрлөх ёстой, их хөдөлмөрлөвөл их цалин авна, яг энэ хийж буй зүйлдээ хариуцлагатай байх ёстойг ойлгуулна шүү дээ.

-Тэгэхээр ажлаа чанартай хийдэг хүмүүс олширч байгаа гэсэн үг байна, тийм үү?

-Уг нь бол тэгэх ёстой. Тэнд 10 цаг ажиллана гэдэг бол байдаг л зүйл. Сард хоёрхон удаа л амардаг. Манайх Солонгост Монгол хоолны газар ажиллуулдаг байсан. Манай хүн карготой ажилдаа яваад л, би хоолны газартаа ажилладаг байлаа. Өмнө нь Монгол таунд гоо сайхны газар ажиллуулдаг байсан юм. Тэгээд л 2006 онд гэрээгээр Тэгүд Монгол ажилчид олноороо ирэх үед хоолны газар нээсэн. Манай нөхөр хоолоо хийгээд, би аяга тавгаа угаагаад л эхэлж байлаа. Нэг хотын хүмүүс учир бүгд бие биеэ танина. Тэнд нэлээн ч их ажилласан, тэр хэмжээгээрээ мөнгө олсон. Манай буузыг Узбек хүмүүс бас их авч иднэ. Тогооч эгчээрээ бууз хийлгэж аваад л үйлдвэрүүдэд шөнийн ээлжинд гарч байгаа ажилчдад очиж тараадаг байсан. Узбекууд буузан дээрээ тараг хийж иддэг, тэрийг нь бэлдэнэ. Сүүлдээ бүр үйлчлүүлэгчээ мэддэг болчихсон байлаа. Манай нөхөр ачаандаа яваад л их ажилласан даа.

-Монголдоо хэзээ ирсэн юм бэ?

-2011 онд ирсэн. Тэр ондоо төрийн албаны шалгалт өгч Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар мэргэжилтнээр 2017 оныг хүртэл ажиллаж байгаад амралтын газар маань нээлтээ хийх болоод яалт ч үгүй жилийн чөлөө авсан даа. Хүүхдийн байгууллагаас их юм сурсан даа. Их сайхан энергитэй газар.

-Танай ажилтнууд “Манай захирал хүүхдийг аюулгүй байлгах тал дээр их санаа тавьдаг. Эцэг эх нь хараа хяналт тавьж чадахгүй орчинд хүүхдийг байлгаж болохгүй” гэдэг гэж байсан..?

-Хүүхдийн байгууллагад ажиллаад олж авсан гол юм маань тэр. Би ер нь ажилчдынхаа хүүхдүүдийг авчруулдаггүй. Манайх ч бас гурван хүүхдээ энд авчирдаггүй. Бид нарыг мэдээгүй байхад тэр хүүхэд хаашаа гүйгээд хэнийг дагаад явчихыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Шинэ ресторан барихаараа хүүхдүүдэд зориулсан аюулгүй орчин бүрдүүлнэ. Нэг буланг нь зөвхөн хүүхдэд зориулсан газар болгоно. Ном, тоглоомтой. Ээж нь буйдан дээр суугаад хүүхдээ тоглохыг хараад сууна гэж төлөвлөж байгаа.

-Гэхдээ энэ том гэр дотор байгаа ресторан чинь их гоё санагдлаа?

-Баярлалаа. Орж ирсэн хүн болгон л гоё байна гэдэг юм. Бид шинэ ресторан барихаараа энэ монгол гэрээ бүр илүү тохижуулаад хүмүүс орж амардаг, шагай болон монгол үндэстний тоглоом наадгайгаар тоглодог орчныг бүрдүүлэхээр төлөвлөж байгаа. Хоолоо идчихээд л шагайгаар морь уралдуулж, алаг мэлхий өрж, оюун ухааны тоглоом тоглоод, үндэсний уламжлалт эд зүйлстэй танилцдаг байвал сайхан шүү дээ.

-Амралтын газарт номын сан хийхэд болохгүй гэх зүйлгүй л юм байна.

-Тийм шүү. Хүүхдүүддээ ном уншиж өгмөөр санагддаг, номгүй ирчихсэн ном уншмаар байгаа хүмүүс бичүүлээд номоо авах боломжтой. Тийм зүйлс хийх бодол байгаа. Юм хийе гэвэл яг сайхан цогцоор нь л хийвэл сайхан. Зочин юу хүсч байна, тэр бүгд нь байж байвал сайхан биз дээ.

-Танай менежерүүдтэй нэлээд ярилцсан. Танайхан их эвсэг, төрсөн өдрөө сайхан тэмдэглэдэг гэж байсан.

-Төрсөн өдрийг гэр бүлтэйгээ тэмдэглэх ёстой ч ажилтнууд маань энд байгаа болохоор төрсөн өдрийг нь тэмдэглэж өгдөг юм. Би торт аваад эрэгтэй хүнд нь тийм юм, эмэгтэй хүнд нь ийм юм авна гээд л явж байдаг. Заримдаа манай ажилтнууд Tip /халаасны мөнгө/ авна. Бүх хүний хичээл зүтгэлээр л тэр мөнгө орж ирж байгаа болохоор мөнгийг нь тусгай авдарт хадгалж байгаад 7 хоног бүр ажилтнууддаа тэнцүү хувааж өгдөг. Тэгээд цалиндаа бүү хүр, яг хадгал гэж их захидаг даа. Солонгост ажилладаг хүмүүс байр хоолны мөнгө гаргахгүй байгаа учраас л тэнд байж байгаа юм. Түүнээс биш байр хоолны мөнгөө төлөөд амьдарвал Монголтой ямар ч ялгаа байхгүй. Тийм болохоор манай ажилчид Солонгост амьдарч байгаа монголчуудаас ялгаа байхгүй учраас та нар ямар ч мөнгө үрж болохгүй гэж би байнга хэлдэг. Нэг ч мөнгө үрэхгүйгээр яг зорилго тавиад ажиллах хэрэгтэй. Нэг юм уу хоёр жил мөнгөө хураагаад үз. Гэрээсээ хол ихэнх цагийг л энд хөдөө өнгөрөөж байгаа шүү дээ. Зорилго тавьсан хүн л ингээд ажиллаж байгаа. Тийм болохоор бид яг цагтаа цалингаа өгдөг.

-Аялал жуулчлалын салбар хариуцсан төрийн яам, агентлагуудтай хэр ойр хамтарч ажилладаг вэ?

-Ер нь бол хамтарч ажиллахаас өөр арга байхгүй. Тэрэлжийн хувьд яг байршлаараа Налайх дүүрэгт орчихоод байдаг. Төрийн тусгай хамгаалалттай газар учраас Байгаль орчны яамандаа харьяалагддаг. Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар бол Тэрэлжид байдаг. Манайх шинэ компани учраас нэлээд олон шалгалт ирж зөвлөмж өгсөн. Саяхан Туул голын сав газрын захиргаанаас ирээд л ярилцаж байгаад явсан. Өгсөн зөвлөгөөнийх нь дагуу бид юмаа хийчихвэл болохоор л юм билээ.

-Туул голын сав газрын захиргаанаас ямар зөвлөгөө өгсөн бэ?

-Устай холбоотой зөвлөмж өгч байна лээ. Гүний худаг дээр бол бид Нийслэлийн Байгаль орчны газраас дүгнэлт авч, харьяа мэргэжлийн хяналтын газарт шинжилгээ өгч дүгнэлтээ гаргуулах ёстой. Дараа нь нутаг дэвсгэрийнхээ Засаг даргатай гэрээ байгуулах ёстой. Зөвхөн усан дээр л гэхэд маш олон зөвшөөрөл хөөцөлддөг. Тоолуураа авсан байх шаардлагатай гээд ер нь нэлээд нарийн шалгалтаар орно. Налайхын Мэргэжлийн хяналтын газар ажлаа сайн мэддэг хүмүүс. Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа бүх юм нь ном журмын дагуу байх ёстой байдаг.

-Танайх усны шинжилгээгээ өгчихсөн байгаа юу?

-Тийм. Усаа хүнсэнд ашиглаж болно гэсэн дүгнэлт гарсан. Ер нь бүх юм нь нарийн юм билээ. Сургалтыг ч бас нэлээд сайн хийдэг. Манайд 4, 6 саруудад ирж сургалт хийсэн.

-Танайх 60 хувийн цэвэршилттэй усыг байгальд нийлүүлдэг, лагтай хэсгийг нь сороод авчихдаг гэж танай менежер залуу ярьж байсан?

-Тийм. Бид ер нь эко орчныг бүрдүүлж байгальд ээлтэй байхыг чухалчилдаг. Манайх өөртөө бохирын машинтай учраас зарим үед өөрсдөө соруулна. Гэрээтэй Налайхын цэвэрлэх байгууламжаас ч бас машин ирээд газар доорх бохирыг соруулаад авчихдаг.

-Танай энгийн гэрүүдийн эмэгтэй, эрэгтэй нийтийн нойл нь ч бас душтэй юм билээ.

-Энгийн гэрт орсон ч гэсэн өглөө нь душтэй сэрвэл гоё шүү дээ. Нойлд ч гэсэн шингэн савангаар гараа угаагаад л, гараа арчаад, хогоо хаяад гарна. Энэ чинь ерөөсөө л үйлчилгээ. Удах шаардлагагүй. Ямар нэгэн юм нь дутуу байвал хэцүү.

-Ёстой нүүр түлэхээргүй газар байна гэж бодсон. /инээв/

-Монголчууд маань амрах гэж л ирдэг. Тийм учраас тайвнаар тийм юм нь байхгүй байх шиг байна, дахиад өгөөч гэдэг юм уу соёлтой үйлчлүүлэх ёстой юм. Тэгэж байж манай үйлчилгээ улам сайжирна шүү дээ.

-Танайх орчноо зүлэгжүүлж тохижуулахдаа монгол ургамлын үр тарьсан уу?

-Амжилтад хүрэхийн тулд юм юмыг л туршиж үзэж байна даа. Зүлэг ногоо ч сайхан ургадаг юм байна. Эрт л таримаар юм билээ. Манайх 40 нарс, 22 хус, 800 хайлаас тарьсан. 2-3 жилийн дараа л ургах юм шиг байна. Монгол үрнүүд их сайхан ургадаг. Олон наст ургамлууд маань байршиж нутагшаад гоё болчихно. Газар дээрээ хүн, ургамалгүй л нутагшиж байна. Манай тогооч гэхэд хоолондоо хэрэглэдэг ногоогоо тарина. Нийт таван төрлийн нарийн ногоо хоолондоо хэрэглэж, хачир хийгээд хүмүүстээ өгдөг. Яг ориг хүнсээр л хооллож байгаа гэсэн үг.

-Үйлчлүүлэгчдээ сэтгэл хангалуун байлгах том зорилго байхад бусад ажлуудаа зохицуулаад явчих байх л даа.

-Манайхан чинь хүний өмнө бөхийдөггүй хүмүүс. Амрагчдыг ороод ирэхэд бөхийгөөд сурчихдаг юм байна. Залуус маань “баярлалаа, баяртай” гээд солонгос, англиар мэндлээд сурчихсан. Зочин ирэхэд бүгд гараад л ачаа тээшийг нь зөөж өгнө. Ахмад хүмүүсийг бол сугадаж гэр рүү нь оруулж өгнө. Энгийн зүйл дээрээс л байгууллагын соёл харагдана л даа. Нэг эмээ ирээд “Танай хүүхдүүд чинь дээш доош явах болгонд л сугадаж өгөөд ёстой сайхан байлаа. Эгч нь хүүхдүүдээ дагуулаад ирнэ ээ” гээд захиалга өгч байсан. Ер нь “Сайн байна уу, сайхан амарсан уу” гээд мэндлэхэд л соёл харагдана. Хүнийг хүн ёсоор хүлээгээд авахад л болох хэрэг шүү дээ.

-Та аялал жуулчлалын салбарт зоримог шинэчлэлтийг эхлүүлж, мэдрэмжтэй бөгөөд амжилттай ажиллаж яваа юм байна. Ямар мэргэжлээр сургуулиа төгссөн бэ?

-Би МУБИС-ийг Сургуулийн өмнөх боловсролын мэргэжлээр төгсөж, Сэтгэл судлалаар магистр хамгаалсан. Аялал жуулчлалын чиглэлээр сурдаг юм уу гэж бодож байгаа. Өөрөө мэдэж ярих, мэдэхгүй ярих хоёр чинь ялгаатай л даа. Нэгэнт энэ чиглэлээр ажиллахаар шийдсэн болохоор номыг нь үзэх хэрэгтэй. /инээмсэглэв/

-Монголдоо үлгэр жишээ болохуйц сайхан амралтын газар болох нь ээ гэсэн төсөөлөл миний хувьд бүрэлдэж байна. Улам их амжилтыг хүсье.

-За баярлалаа. Хичээж байж л амжилтад хүрнэ гэж би боддог. Хичээнэ ээ.

Бидний ярилцлага ийн өндөрлөв. Чин Чандмань амралтын газар зуны намуухан үдэш ирж тэнгэрт одод түгжээ. Зөвхөн оддыг харахаар хүн ирэхээс ч аргагүй газар аж. Учир нь одод маш ойрхон харагддаг юм байна. Чингисийн өвөр ХХК-ийн Чин Чандмань амралтын газарт амрангаа сурвалжилсан тэмдэглэлээ Чингис уулын тухай танилцуулгаар жаргаая.


Чингис уул “Урд хошуу нь битүү бүрхсэн хад чулуутай байдаг нь алсаас харахад хуяг дуулга агссан баатар цэргүүд хүрээлэн зогссон мэт. Чингис уул нь Тэрэлжийн бүс нутагт үргэлжлэх Хэнтийн нурууны баруун урд хэсгийн уул боловч бусдаасаа тасарч сондгойрон орших нь сонирхолтой. Уулын орой дээрээс эргэн тойрон сүрдэм сайхан байгалийн үзэмж тодрон харагдах бөгөөд оройд нь гарсан хэн хүний хийморь лундаа тэнгэрт нисэн дүүлсэн мэт бахдам санагддаг. Домгоор бол, Чингис хаан баруун зүгт аян дайн хийхээр явах замдаа энэ уулын бэлд цэргээ түр буудаллахыг зарлигдаж өөрөө уулын орой өөд авирч гарсан гэдэг. Орой дээр нь нэгэн дөрвөлжин чулуу байх бөгөөд түүн дээр залран сууж эргэн тойрноо хараа бэлчээн ажиглан суухдаа зүүнтээ орших нэгэн уулын хадыг олж харжээ. Чингис хаан өөрийн цэц мэргэнийг шалган тэр хад руу сум тавьсан гэдэг. Харвасан сум нь очиж оносон газрыг Чингисийн сумны ор хэмээн нэрлэж, суусан чулууг нь Чингисийн суудал гэх болжээ” хэмээн бичсэн байдаг.


Их хаантны түүхийн улбаа энэ цагт ч үргэлжилсээр ажгуу.

Ц.Оюунчимэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ALTANKHUYAG SHAGJ(202.5.205.2) 2019 оны 11 сарын 19

Маш бүтээлч, шургуй, үлгэр жишээ ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгааг нь харж бахархаж байна. Очиж үзэж туршлага судлах, асууж лавлах боломжтой биз дээ?\nАмжилт хүсье.

1  |  0
Top