УИХ-ын Ёс зүйн дэд хороо өчигдөр /2019.10.16/ хуралдаж УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нарын ёс зүйн асуудлаар болон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Болд, М.Оюунчимэг нарын хөрөнгө орлого огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор тэдний орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин сайд нарынхаа картыг сугалж, хуралдааны дэг зөрчсөнтэй холбогдуулан УИХ-ын дарга Ёс зүйн дэд хороонд үүрэг өгсөн.
Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараас тус хорооны хуралдааныг 40 минут саатуулсан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн ёс зүйн асуудлыг хэлэлцэх хүсэлт ирсэн тухай асуудлыг хэлэлцсэн. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Юунаас болж маргаан үүссэн нь ойлгомжтой байх ёстой. Түүнээс биш даргад таалагдахгүй болохоор Ёс зүйн дэд хороонд ханддаг байж болохгүй. Мөн Ёс зүйн хариуцлага яригдаж байгаа гишүүд хуралдаанд байлцах ёстой. Гомдол гаргасан тал нь ч, хариуцлага яригдаж байгаа гишүүд ч энд алга. УИХ-ын гишүүдийн нэр хүндтэй холбоотой асуудал тул цаашид Ёс зүйн дэд хороо бичиг хүлээж авахдаа эрх зүйн хувьд хэр нийцтэй болохыг судалж байж хуралдах нь зөв” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Үүнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараас УИХ-ын гишүүний зүй бус үйлдлийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэх хүсэлт ирүүлсэн. Ёс зүйн дэд хорооны бүрэн эрхийн хүрээнд тухайн гишүүдээс тайлбар авах эрхтэй. Одоогийн байдлаар гишүүдээс тайлбар ирүүлээгүй байгаа” хэмээн хариуллаа. Иймд дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ёс зүйн зөрчилд холбогдсон гишүүн өөртэй нь холбоотой санал, гомдолтой танилцах, тайлбар өгөх, хуралдаанд биеэрээ оролцох эрхтэй. Б.Пүрэвдорж гишүүн гадаадад томилолттой байгаа. Ө.Энхтүвшин гишүүн ирээгүй байна. Тиймээс энэ асуудлыг хойшлуулах санал гаргаж байна” гэснийг дэд хорооны гишүүд дэмжив.
Үргэлжлүүлэн “Бид уучлахгүй” ТББ-аас ирүүлсэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Болд, Ж.Мөнхбат нарын хөрөнгө орлого огцом нэмэгдсэн асуудлыг шалгах шаардлагыг Ёс зүйн дэд хороо хэлэлцсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаан даргалагч Б.Бат-Эрдэнэ асуудлыг нууцын горимд шилжүүлэх эсэхийг тодруулахад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нууцлах шаардлагагүйг илэрхийлээд, “Гишүүдийн хөрөнгө оруулгын мэдүүлгийг шалгуулах хүсэлт гаргажээ. Ёс зүйн дэд хорооны гишүүдэд шалгах эрх байхгүй. Би шалгах бол би мөрдөн байцаагч болох нь. Хөрөнгө орлогын мэдүүлэг ил байдаг зүйл. Харин АТГ-т хандвал мөрдөөд шалгах эрхтэй” хэмээхэд Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “УИХ-ын гишүүний хөрөнгө орлоготой холбоотой асуудлыг Ёс зүйн дэд хороо шалгана гэж хуульд заасан. Хууль эрх зүйн зохицуулалт маань ийм л байна. Гэтэл бидэнд мөрдөн шалгах эрх байхгүй. Дэд хорооны дүрмээр бид ажлын хэсэг гаргана. Энэ бүхэнд цаг хугацаа их ордог” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мөн “УИХ-ын гишүүд хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн байж болно. АТГ яагаад хөрөнгө нь өссөнийг хялбар тогтоочихно. Бид УИХ-ын гишүүдийнхээ нэр төрд үндэслэлгүй халдаж болохгүй. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд хууль батлах ажлаа л хийнэ. Харин хэн нэгнийг шалгах ажил хийхгүй. Хүний нэр хүнд, амьдралаар нь тоглоход Ёс зүйн дэд хороо хөөсөрч орж болохгүй” хэмээгээд нэр холбогдсон гурван гишүүний мэдүүлгийг авсныхаа дараа зөвлөлдөх байр сууринаас Ёс зүйн дэд хороо хандах нь зөв болов уу хэмээлээ.
Гишүүдээс тайлбар авах шаардлагатайг О.Баделхан гишүүн мөн дэмжив. УИХ-ын гишүүн М.Энхболд “Нэгэнт гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой хүсэлт ирсэн бол Ёс зүйн дэд хороо асуудлыг авч хэлэлцэх учиртай. Тиймээс бид УИХ-ын гурван гишүүний тайлбарыг авч, улмаар өсөлт нь эргэлзээ төрүүлэхээр байвал АТГ-т хандаж болох юм” гэснээр дээрх гурван гишүүнээс тайлбар ирүүлсний дараа Дэд хороог дахин хуралдуулах горимын саналыг гишүүд дэмжсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )