Япон улс 550 мянган иргэндээ өршөөл үзүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Японы шинэ эзэн хаан Нарухитог хаан ширээнд залахтай холбогдуулан тус улсын Засгийн газар 550 мянган хүнд өршөөл үзүүлэх шийдвэрийг өнөөдөр /2019.10.22/ хэрэгжүүлж эхэллээ.

Өршөөл үзүүлэх шийдвэрийг энэ сарын 18-ны өдөр гаргасан юм. 

Өршөөлд шоронд хоригдож буй эсвэл хүний эсрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хамрагдахгүй. Өршөөлөөр зөвхөн ноцтой бус зөрчил гаргасны төлөө өмнө нь шийтгэгдэж байсан хүмүүсийн эрхийг бүрэн сэргээж байгаа аж. Тэдгээрийн 82,5 хувь нь зам тээврийн осол гаргаж, шийтгүүлж байсан бол гурав орчим хувь нь хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргээр шийтгэгдэж байжээ.

Үүнээс өмнө 1990 онд Акихито эзэн хааныг хаан ширээнд залсантай холбогдуулан өршөөл үзүүлж байжээ. Тухайн үед 2.5 сая хүний ялыг хөнгөлж эсвэл ялаас хэлтрүүлж байв.

Өдгөө тус улсад 57 мянга орчим гэмт хэрэгт шоронд хоригдож байна.

Японы шинэ эзэн хаан Нарухито энэ оны тавдугаар сарын 1-нд хаан ширээнд суусан боловч ёслолын арга хэмжээ өнөөдөр /2019.10.22/ болж байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд 174 улсын хоёр мянга орчим зочин, төлөөлөгч оролцож байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top