Эзэн хаан Нарухитог хаан ширээнд залсныг тунхаглах ёслол эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Японы шинэ эзэн хаан Нарухитог хаан ширээнд заларсныг тунхаглах цуврал хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2019.10.22/ Токио хотноо Гурван сүмийн бурхдад зарлах зан үйлээр эхэллээ.

Эзэн хаан Нарухито шинто шашны дээд бурхан болох нарны бурхан Аматэрасу Омикамид мөргөдөг Касикодоро сүмд орж, бурхдад шинэ эзэн хаан хаан ширээнд заларсныг мэдэгдэж, үг хэлэв. Эзэн хаан Японы Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, Японы төр, ард түмний нэгдлийн бэлгэ тэмдэг болох үүргээ биелүүлж, хүн ардын аз жаргал, дэлхийн энх тайвныг үргэлж хүсэж, бүх санаа бодлоо ард түмэндээ зориулж, тэдний талд зогсох болно гээд ард түмний мэргэн ухаан, хүчин зүтгэлээр Япон улс хөгжин цэцэглэж, олон улсын нийгэмлэгийн нөхөрлөл, энх тайван болон хүн төрөлхтний сайн сайханд хүрэхэд хувь нэмэр оруулна гэж чин сэтгэлээсээ найдаж буйгаа илэрхийлэв.

Касикодоро сүмийн дараа эзэн хаан Нарухито Японы үе үеийн эзэн хаад, эзэн хааны гэр бүлийн сүнсийг тахидаг Корэйдэн сүм болон шинто шашны бурхдад мөргөдөг Синдэн сүмд мөргөв. Үүний дараа хатан хаан Масако эдгээр сүмд мөн мөргөл үйлдэж бол нарны бурхан Аматэрасу Омикамид эзэн хааны гэр бүлийн гишүүд, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо мөргөв.

Үдээс хойш эзэн хааны ордонд эзэн хаан Нарухитог хаан ширээнд заларсныг тунхаглах гол арга хэмжээ боллоо. 30 минут үргэлжилсэн арга хэмжээ эзэн хааны ордны хүндэтгэлийн Нарсан танхимд болжээ. Танхимд эртний загвараар өнгөрсөн зууны эхээр урласан 6.5 метр өндөр, найман тонн жинтэй хаан ширээг байрлуулсан байна. Хаан ширээнд Хэйан үеийн /794-1185/ загвараар урласан зөвхөн эзэн хаан өмсдөг өмсгөл бүхий эзэн хаан Нарухито заларч, улс орон, дэлхий дахинд хаан ширээнд заларсан тухайгаа зарлан тунхаглав. Үүний дараа Ерөнхий сайд Абэ Шинзо Японы ард түмний нэрийн өмнөөс эзэн хаанд баяр хүргэж, зочид төлөөлөгчид эзэн хаанд урт наслахыг ерөөн гурван удаа “банзай” гэж чанга дуугаар хэлэв.

Арга хэмжээнд Нидерланд, Бельги, Испанийн хаад, Уэльсийн хунтайж Чарльз, БНХАУ-ын дэд дарга Ван Цишань, АНУ-ын тээврийн сайд Элейн Чао, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Нак Ён зэрэг 190 орны 400 төлөөлөгч, нийт хоёр мянга орчим зочин уригджээ.

Гаднын зочдод зориулсан оройн хүлээн авалт дээр эзэн хаан Нарухито одон медаль энгэрт нь зүүсэн хар фрактай, хатан хаан Масако очир эрдэнийн титэм, цагаан өмсгөлтэй залрах гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top