Нийслэлд дулаан түгээх, ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт, зөвлөгөөн өнөөдөр /2019.10.25/ боллоо.
Уулзалтад дулаан түгээх, хангах зөвшөөрөлтэй 60 гаруй орон сууц ашиглалтын компаниуд оролцсон ба 2019-2020 оны халаалтын улирлын ачааллын үед Нийслэлийн хэрэглэгчдийг чанартай, найдвартай дулаанаар хангах асуудлыг хэлэлцэж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлуудын талаар мэдээлэл солилцсон юм.
Нийслэлийн Захирагчийн албаны ахлах мэргэжилтэн Р.Даваасүрэн “Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаар бид өнөөдөр танилцууллаа. 2019 оны хувьд тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж гээд нийслэлийн нутаг дэвсгэрт 1311 арга хэмжээ хэрэгжүүлж, хяналт тавин ажилласан. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар гурван удаа асуудлыг хэлэлцэж, холбогдох арга хэмжээг авч ажилласан. Халаалтын улирал эхлэхэд таван сургууль халаалт авах боломжгүй, гадна инженерийн шугам сүлжээ хагарсан байсан. Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын шуурхай ажлын зардлаас 175 сая төгрөг гаргаж, хэвийн ажиллагаатай халаалт залгасан. Мөн цаашид хүндэрч болзошгүй 42 объектын судалгаа гаргаж, нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 565 сая төгрөг батлуулан, гадна инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хийж байна” гэв.
Эрчим хүчний зохицуулах хорооны Хэрэглэгч орон нутгийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Нэг жилийн хугацаанд бичгээр 200 гаруй гомдол ирдэг. Утсаар бол өдөр бүр гомдол ирдэг. Эдгээр гомдлуудын ихэнх хувийг төлбөр, хангамж, батлагдсан горимын дагуу дулаан шийдвэрлэхгүй байна гэсэн гомдлууд эзэлж байна. Ирсэн гомдлуудыг эрчим хүчний тухай хуульд заасны хүрээнд шийдвэрлэдэг” гэсэн юм.
Нийслэлд 3400 орчим орон сууцны барилгад 270 мянган айл өрх амьдарч байна. Үүний 50 хувь нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас халаалт, дулаанаа авдаг бол үлдсэн 50 хувь нь хувийн хэвшлийн байгууллагаас халаалт авна.
Сэтгэгдэл ( 0 )