ТОКИО ХҮРЭХ ЗАМ: Хөнгөн атлетик, байт харваа, дугуй, усанд сэлэлт, гимнастик

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

Ц.Энхтүвшин , “Таван цагариг”

ХӨНГӨН АТЛЕТИК:

Манай хөнгөнийхөн 1964, 1968, 1972, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны Олимпын наадамд оролцож байсан.

IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбоо нь Олимпод оролцох тамирчдад entry mark буюу норматив тавьдаг. Уг болзлыг биелүүлбэл Олимпод оролцох хаалга нээгддэг гэсэн үг. Зай, төрөл бүр хугацаа, хэмжигдэхүүнтэй болохоор бүх юм тодорхой. Манай хөнгөнийхөн өнөөдрийн байдлаар марафон гүйлтээр нэг эрх аваад байгаа. Энэ эрхийг марафонч Б.Мөнхзаяа авсан. Өнөөгийн Монголын хөнгөн атлетикчдаас марафон гүйлтээс бусад зай, төрөлд олимпын норматив биелүүлэхэд тун хол.

Харин марафонд бол манайхан эрхээ авч сүүлийн хэдэн олимпод оролцсон. “Токио-2020” олимпын марафон гүйлтэд эрэгтэйд 2 цаг 11 мин 30 секунд, эмэгтэйд 2 цаг 29 мин 30 секундээс дотогш амжилт үзүүлсэн тамирчид олимпод оролцох эрх авах юм. Манайх нэмээд 1-2 эрх авах болов уу.

БАЙТ ХАРВАА:

Монголын байт харваачид “Мюнхен-1972” Олимпын наадмаас эхлэн олимпод оролцсон. 1976, 1980, 1988, 1992, 1996, 2012, 2016 оны олимпод манай байт харваачид цэц сорьж байлаа. Энэ удаа харин “Токио-2020”-д оролцоход тун хүнд болоод байгаа. Учир нь 2018 оны Азийн наадам, 2019 оны Дэлхийн АШТ гээд Олимпын эрх олгосон тэмцээнээс манайхан эрхээ авч чадаагүй. Одоо ирэх арван нэгдүгээр сарын 21-29-нд Тайландын Бангкок хотноо болох Ази тивийн АШТ-д л найдах үлдсэн. Энэ тэмцээнээс Олимпын эрх олгох бөгөөд гэхдээ эхний гурван байрт орсон тохиолдолд л эрх олгох юм.

ДУГУЙ:

Манай “төмөр хүлэгт”-нүүд 1964,1968, 1980, 1992, 1996 оны олимпод оролцож байсан түүхтэй. Гэвч сүүлийн таван олимпод тоосоо өргөж чадахгүй яваа юм.

Дугуйн олон төрлүүдээс замын уралдаанд л манайх оролцдог байсан уламжлалтай, манайд илүү ойрхон нь. UCI буюу Олон улсын дугуйн холбооноос 2019 оны аравдугаар сарын 22-нд үндэстний чансаанд эхний тавд бичигдсэн оронд эрэгтэй замын дугуйн тус бүр 5 квот, 7-13-д 4 квот гэх мэтээр явсаар эхний 33-50-д орсон орон 1 квот олгоно. Эмэгтэй чансаанд мөн эхний 22-д жагссан оронд 1-4 квот олгох юм. Манай Монгол энэ чансаагаар 10 дугаар сарын 20-ны байдлаар эрэгтэйд 593 оноогоор 57-д, эмэгтэйд 30 оноогоор 86-д бичигдэж байгаа.

Мөн хувийн чансаагаар эрэгтэйд эхний 200-д, эмэгтэйд эхний 100-д багтвал нэг нэг квот өгөх ч манай эрэгтэй хамгийн өндөр оноотой Б.Марал-Эрдэнэ 505-д, эмэгтэй хамгийн өндөр оноотой Ц.Солонго 456-д бичигдэж байгаа болохоор дугуйчид маань Токиод зорих боломжгүй болсон гэсэн үг.

ТЭКВОНДО:

Манай тэквондочид “Рио-2016” Олимпод анх удаа оролцсон. Бүүр эрхээ аваад. “Токио-2020” Олимпын наадамд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд, жин тус бүрд 16, нийтдээ 128 тэквондоч өрсөлдөнө.

World Taekwondo Federation -Дэлхийн Тэквондогийн холбооноос Олимпын чансааг 2020 оны нэгдүгээр сарын нэгэнд гаргах бөгөөд эр, эм жин тус бүрд эхний тавд бичигдсэн тамирчид олимпын эрх авна. Манайхан чансаагаар эрх авах бараг боломжгүй. Учир нь хамгийн өндөр чансаатай Моломын Түмэнбаяр гэхэд 102,41 оноотой эрэгтэй 58 кг-ийн жинд Олимпын чансаагаараа 44-т бичигдэж байна.

Мөн тивүүдэд квот болон зохион байгуулагч орон, мөн Гурван талт комиссын “урилгаар” гээд нийт найман эрх олгоно. Үлдсэн 3 эрхийг хоёр тэмцээнд олгоно.

Эхнийх нь 2019 оны 12 дугаар сарын 6-7-нд ОХУ-ын Москва хотноо болох Гран пригийн финал. Энд жин тус бүрт түрүүлсэн нэг нэг тамирчин эрхээ авна.

Хоёр дахь нь Азийн Олимпын эрхийн тэмцээн. 2020 оны дөрөвдүгээр сарын 10-11-нд БНХАУ-ын Үши хотноо болох энэ тэмцээнд жин тус бүрт финалдсан буюу алт, мөнгөн медаль хүртсэн тамирчин олимпын эрх авна.

УСАНД СЭЛЭЛТ:

Монголын усанд сэлэлтийн тамирчид “Сидней-2000” олимпын наадмаас хойш тасралтгүй таван олимпод урилгаар оролцоод байна. “Токио-2020” олимпод Гурван талт комиссын урилгаар бас оролцох магадлал бий.

СПОРТЫН ГИМНАСТИК:

1964, 1968, 1980 оны Олимпод Монголын гимнастикчид оролцож байсан түүхтэй. Мөн Залуучуудын Олимпийн аварга гимнастикч ч Монголд бий. Гэхдээ л Олимпын наадамд оролцох боломж одоогоор манайд алга.

Зуны олимпын наадамд Монголын баг тамирчид оролцож байсан спортын төрлүүдээр хэрхэн эрх авах, оролцох боломжийг өгүүлэхэд ийм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top