Уучлаарай, Улаанбаатар минь

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

Миний мэдэх Улаанбаатар ийм байгаагүй. Би хотын хүүхэд. Бас харьцангуй залуу хүн. Гэхдээ л миний өсөж торнисон газар одоогийнх шиг байгаагүйг тодоос тод санаж байна. Хүмүүс сэтгэлтэй, итгэлтэй, цоглог, уур бухимдалгүй дөрвөн сайхан уул, Туул голынхоо дунд эв нэгдэлтэй амьдардаг байсныг санаж байна. Өдөр бүр инээмсэглэлтэй учирч, хайр мэдэрч, аз жаргалтай алхдаг байсан. Би багадаа уурласан хүн бараг харж байгаагүй. Одоо харин төрсөн хот маань, өссөн Улаанбаатар минь өөр... Бүр танихын аргагүй өөр болжээ.

Үүнд хэн буруутай гээч. Бид.. Бид өөрсдөө. Бидний буруу бодсон, буруу хийсэн үйлдэл бүр хотоо дэвсэлж байна. Хотоо хордуулж байна. Хотоо гомдооход хүрч байна.

Зүгээр л өглөө гэрээсээ гараад харих хугацаандаа хотынхоо төлөө ямар нэгэн сайхан зүйл хийхээсээ илүү ямар нэгэн таагүй дурсамж үлдээгээд харьж байна. Хогоо хаяж байна, хөлд таарснаа өшиглөж байна, эвдэлж байна. Сүйтгэж байна. Утаа үйлдвэрлэж байна, түүнийг багасгахын төлөө юу ч хийхийг хүсэхгүй байна. Бусдыг хүндлэхгүй байна. Нинжин сэтгэл үгүй болж. Сэтгэл байгаад ч өнгөгүй, эрх мэдэлгүй энгийн хүмүүс юу ч хийж чадахгүй байна. Зарим хүмүүс утаанаас амиа аврахаар зугтааж байхад, зарим нь гэрээ дулаацуулах шуудай түлшний төлөө зүтгэж байна. Баялгийг тэгш хуваарилдаг байсан бол бидний хотод ядуу хүн байх ямар ч боломжгүй. Улаанбаатар уг нь сайхан хот. Гэхдээ хэчнээн их алт мөнгө байлаа гээд бидний хот сайхан болохгүй. Гагцхүү хувь хүний ухамсар, амьдралын төлөө гэсэн хандлага, зүтгэл нийгмээ сайхан болгоно.

Улаанбаатар минь энэ их хүнд, хүчир зовлонг үүрлүүлж байгаад биднийг уучил.

Уг нь миний хот ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙХАН ХОТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top