АНУ-ын Худалдааны яамны орлогчийг хүлээн авч уулзлаа

2019 оны 10 сарын 29

Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголыг хариуцсан дэд сайдын орлогч Алан Төрлиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2019.10.29/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Төрли өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэр хоёр орны төрийн тэргүүн нар худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх чиглэлд тууштай хамтран ажиллах талаар ярилцсаныг дурдаад, энэ удаагийн айлчлал нь үүний илэрхийлэл болохыг тэмдэглэв.

Түүнчлэн ноён Төрли Монгол Улсын хангалттай нөөц бололцоо бүхий хөдөө аж ахуй, мэдээлэл технологи, аялал жуулчлал зэрэг салбарт хоёр талын бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Түүний Монгол Улсад хийж буй гурав дахь ажлын айлчлалаар бизнесийн төлөөлөл дагалдан явж буй юм. Уулзалтад химийн үйлдвэрлэлийн “Дау Кемикал” компани, төмөр замын зүтгүүр үйлдвэрлэгч “Вабтек” корпорац, “Вагнер Ази” тоног төхөөрөмж компанийн төлөөлөл оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, Монгол Улстай хамтран ажиллах боломжуудын талаар санал бодлоо хуваалцсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсад ноолуур, газрын ховор металл зэрэг түүхий эдийн арвин нөөц бийг дурдаад, энэ чиглэлээр Монгол Улсад бизнес хийхийг урилаа. Тэрбээр АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдсанаар Монгол Улсын эдийн засагт эерэг үр нөлөө үзүүлж, дэлхийн ноолууран бүтээгдэхүүний эрэлтийн 50 хувийг дангаараа хангах боломжтой гэлээ.

Мөн тэрбээр Монгол Улс Зүүн хойд Азийн орнуудад хямд өртөгтэй эрчим хүч нийлүүлэх нөөцтэй бөгөөд эрчим хүчний салбарт бүс нутгийн хэмжээнд санаачилгатай ажиллаж байгаа талаар ярилаа. Тухайлбал, салхин сэнс үйлдвэрлэгч “Женерал Электрик” (GE) зэрэг АНУ-ын томоохон компаниудыг Монгол Улсад үйлдвэрээ байгуулж, хамтран ажиллахыг санал болгосон юм.

Уулзалтын төгсгөлд АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголыг хариуцсан дэд сайдын орлогч Алан Төрли АНУ-ын компаниуд Монгол Улсад урт хугацааны, тогтвортой үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж буйг онцлоод, үүнд хоёр талаасаа тууштай хамтран ажиллахын чухлыг тэмдэглэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top