Далайд гарцгүй орнууд туршлага хуваалцав

2019 оны 11 сарын 02

Гадаад харилцааны яам НҮБ-тай хамтран зохион байгуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх” асуудлаарх олон улсын хурал Улаанбаатар хотноо болж амжилттай өндөрлөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон тус хуралд гадаадын 30 гаруй улсын Засгийн газрын ахлах албан тушаалтнууд, 10 гаруй олон улсын байгууллагын төлөөлөгчид болон манай төр, засгийн байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 100 орчим төлөөлөгч оролцсон.

Төлөөлөгчид Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааг дэлхийн зах зээлд гаргахад эдийн засгийн коридорын гүйцэтгэх үүрэг, Еврази, Африк болон Латин Америкийн бүс нутгийн туршлага, чиг хандлага, эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бий болгох, сайн туршлагыг тодорхойлох, санхүүжилтийг бүрдүүлэх, банкны санхүүжилт бүхий дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг тодорхой асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.

Хурлаас гишүүн орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгах чиглэлээр цаашид транзит тээврийн коридорыг эдийн засгийн коридор болгож хөгжүүлэх, өрсөлдөхүйц олон улсын тээврийн коридорын дэд бүтэц, үйлчилгээг сайжруулах, Single Windows, One-Stop-Border-Posts технологийг ашиглах, мэдээллийн портал байгуулах, цахимжуулахыг урилсан зөвлөмж бүхий баримт бичгийг гаргасан.

Баримт бичигт Монгол Улс эдийн засгийн коридорын асуудлыг  хариуцан ажиллах Хөрөнгө оруулалтын судалгааны төвийг байгуулсныг сайшаан тэмдэглээд бусад орнуудыг ийнхүү тусгайлсан бүтцийг бий болгох, хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтран ажиллах, цаашлаад ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдээгүй орнуудыг нэгдэх, НҮБ болон бусад холбогдох олон улс, бүс нутгийн байгууллагуудыг ДГХБО-дад үргэлжлүүлэн санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэх, НҮБ-ын системийн байгууллагуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, зохицуулахад бодлогыг боловсруулахад  техникийн туслалцаа үзүүлж ажиллахыг уриалсан болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top