Монгол Улс агаарын бохирдол-тойгоо төрөл бүрийн аргаар тэмцэж ирсэн байдаг. 2016 онд хот руу шилжих хөдөлгөөнийг хориглож, 2017 онд шөнийн цахилгааныг хөнгөлж, 2019 оны тавдугаар сараас шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэв. Үр дүнг тооцоход эрт байгаа ч агаарын бохирдол буурсан болохыг олон нийт хэлж буй. Гэхдээ яг хэдэн хувиар буурсан болохыг албаныхан танилцуулалгүй харзнаж байна. Иймд агаарын бохирдол, шахмал түлшний асуудлаар Орчны бохирдлыг бууруу-лах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Ч.Гантулгатай ярилцлаа.
-Засгийн газраас энэ жил агаарын бохирдлыг 30 хувь бууруулна гэсэн. Энэ ажлын хэрэгжилтийг болон агаарын бохирдол яг хэдэн хувь буурсан тухай мэдээллийг олон нийт хүлээж байна?
-Агаарын бохирдлын эсрэг ажлын үр дүнд иргэд маань ам сайтай байгаа. Иргэдийн нүдэнд харагдаж, үнэрлэхэд агаарын бохирдол буурсан нь мэдрэгдэж байна. Харин хувь хэмжээний хувьд одоо ярихад арай эрт байна. Яагаад гэвэл дөнгөж өвөл эхэлж байна. Илүү хүйтэрнэ. Сайжруулсан түлшний хэрэглээ өшөө нэмэгдэнэ. Бид одоогоор агаарын бохирдлын мэдээг сар сараар, өдөр өдрөөр авч, өмнөх гурваас таван жилийн дундажтай харьцуулж байна. Аливаа зүйл шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдэх ёстой. Удахгүй Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны цаг уурын мэргэжилтнүүд хамтран өмнөх жилүүдтэй харьцуулсан судалгааг гаргана. Энэ тоо өвөл гарна. Тиймээс одоо тэдэн хувиар буурлаа, тийм үзүүлэлтүүд нь өөрчлөгдлөө гэж ярихад эрт байна. Ер нь агаарын бохирдлын эсрэг ажлын үр дүнгүүд гараад эхэлсэн.
-Гэхдээ өдөр тутамд ирж байгаа мэдээлэлтэй та танилцдаг биз дээ?
-Иргэддээ ойлгомжтой болгох үүднээс хэлэхэд бидний хичээн ажиллаж байгаагийн үр дүнд РМ2.5, РМ10 тоосонцор, азот зэрэг үзүүлэлтийг урьдчилсан байдлаар хэмжиж байгаа. Өдөр өдрөөр өөр гардаг. Тоймлож хэлэхэд өмнөх жилүүдтэй харьцуулахад хүлцэх хэмжээн дотроо гарч байгаа. Өмнө нь дандаа хүлцэх хэмжээнээс хэд дахин өндөр гардаг байсан. Гэхдээ РМ10 тоосонцор зарим газруудад хүлцэх хэмжээнээс өндөр гарсан. Тухайлбал, Ургах наран хороололд өндөр. Налайхын замын барилгын ажил явагдаж байгаатай холбоотой РМ10-ын үзүүлэлт өссөн. Мөн энэ оны тавдугаар сарын дундаас хүхэрлэгийн хийн үзүүлэлт нэмэгдсэн. Үүнийг зарим улстөрч шахмал түлшнээс болсон гэж хариуцлагагүй мэдэгдсэн. Үүний дараа иргэд буруу ойлголтой үлдсэн. Үнэндээ энэ бол Улаанбаатар хотод явж байгаа 460 мянган тээврийн хэрэгсэлтэй шууд холбоотой. Нефть импортлогч компаниуд “евро5” стандартын шатахуун импортолж чадахгүй байна. Шатахуунд янз бүрийн керосин, хагас боловсруулсан бүтээгдэхүүн холин найруулж байна. Эндээс тээврийн хэрэгслийн бензиний чанар мууддаг. Дэлхий дахинд “евро5” стандартаар агаарт гарч байгаа хүхэрлэгийн хийгээ багасгаж байхад бид дөндөж “евро2” стандарттай байна. Тэгэхээр хүний цусанд хор хөнөөл учруулах эрсдэлтэй хүхэрлэгийн хэмжээг бууруулахад анхаарах хэрэгтэй. Бид хямд түлш бодох уу, амь нас, эрүүл мэндээ бодох уу гэдэг сонголтын өмнө ирээд байна. Энэ асуудлыг шийдэхэд төрийн зөв бодлого гарснаар иргэд, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэнэ.
-Энэ жил хэчнээн төгрөгийг агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулаад байна вэ?
-Үндэсний аудитын газар сүүлийн есөн жилд агаар, орчинд зарцуулсан мөнгөний хэмжээг тооцоод 550-аад тэрбум төгрөг гэж тогтоосон. Энэ бол 2018 оны сүүлч хүртэлх дүн. Харин 2019 онд агаар орчны бохирдолд Монгол Улсын Засгийн газар 75.2 тэрбум төгрөг зарцуулна. Өнгөрөгч долоо хоногт НҮБ-ын Хүүхдийн хөгжлийн сангийн чуулган болж, 13 орны төлөөлөгчид эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар зөвлөлдсөн. Чуулганаар Монгол Улсын Засгийн газар илүү их мөнгө зарцуулж байж агаар, орчны бохирдлыг бууруулах ёстой гэж зөвлөсөн. Хэдийгээр хангалттай хөрөнгө биш ч бидний агаар, орчны бохирдлын эсрэг энэ жилийн ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай явж байна. Үр дүнгүүд ч өндөр гарч байна. Хамгийн гол ажил нь агаарын бохирдлыг бууруулах байсан. Цаашлаад орчны бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулах томоохон ажлууд хийх хэрэгтэй. Гэр хороололд байгаа 300-аад мянган нүхэн жорлонгийн асуудал байна. Гудамж талбайд хуримтлагдсан хог, бохирдсон хөрсөө шийдэх ёстой. Агаарт үүсээд байгаа тоосонцор, авто машинаас ялгарч байгаа хүхрийн хүчил гээд шийдэх олон асуудал бий. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дэд бүтэц ч энэ ажилд хамаатай.
2019 онд нүүрсээр халдаг байсан 20 сургуулийг газ, гүний дулаан зэрэг бусад аргаар халдаг болголоо. Толгойны өвчин болоод байгаа уурын зуухнуудын том хар яндангуудыг шинэчилж, заримыг нь төвийн дулаанд холбож байна. Төвийн шугамд холбох боломжгүй байгууламжуудад утаа шүүгч суурилууллаа. Иргэдийг бухимдуулаад байгаа хар утаа хаядаг нийтийн тээврийн автобуснуудад шүүлтүүр суурилуулсан. Бид агаар орчныг бохирдуулж байгаа эх үүсвэр бүр дээр очиж ажиллаж байна. Гэхдээ ганцхан жилийн дотор үр дүн гаргах боломжгүй. Засгийн газрын 2017-2025 онд агаар, орчны бохирдлыг бууруулах хөгжлийн хөтөлбөрийн дагуу 2025 он гэхэд орчны бохирдлыг 80 хувь бууруулах зорилт тавьсан. Тиймээс ажлуудаа жил жилээр нь төсөв мөнгөндөө тааруулж үр дүн гарган ажиллаж байна.
-75.2 тэрбум төгрөг багад тооцогдохгүй болов уу. Энэ мөнгийг чухам ямар ажилд зарцуулсан бэ?
-Аливаа улс орон агаар, орчны бохирдолд багагүй хөрөнгө царцуулдаг юм билээ. Эдгээр оронтой харьцуулахад Монголын агаар, орчныхоо бохирдолд зарцуулж байгаа хөрөнгө багад тооцогддог. Жишээ нь, нийслэлийн төвийн зургаан дүүргийн 1.4 сая иргэнд энэ мөнгийг хуваагаад үзэхэд нэг иргэнд оногдох эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд Монгол Улс бага хөрөнгө зарцуулж байгаа юм. Гэхдээ бид нөхцөл байдалдаа тааруулж, богино, дунд хугацаанд үр дүн өгөх ажлуудаа хийж байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу үндэсний хороон дээр 2019 онд 32 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр ажилд 75.2 тэрбум төгрөг хуваагдсан. Бидний ажил олон нийтэд нээлттэй. Засгийн газар, УИХ-ын хэмжээнд тайлангуудаа гаргаж өгнө. Тэгэхээр мөнгөний зарцуулалтад эргэлзээ байхгүй. Гол нь бид эдгээр ажлуудыг иргэдэд ойлгуулж чадсанаар үр дүнгээ өгч байна гэж үзэж байгаа. 2008 оноос хойш үндэсний аудитын газрын тайлангаар 550-аад тэрбум төгрөг агаарын бохирдолд зарцуулсан гэдэг. Гэтэл аудитаас гадуур гаднын зээл тусламж, хөнгөлөлттэй зээлийг ярих юм бол 900 тэрбум төгрөг болчихдог. Энэ их мөнгөөр өнөөдрийн үр дүнг гаргах бүрэн боломж байсан. Харамсалтай нь үр дүнгүй мөнгө зарчихсан. Одоо боломжийнхоо хэрээр байгаа мөнгөндөө алдаагаа засаж, асуудлуудаа эрэмбэ дараатай шийдэх зорилт тавин ажиллаж байна.
-Орос, Хятад, Солонгост илгээсэн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Шахмал түлшийг шинжилгээнд илгээснээс хойш найрлагад нь өөрчлөлт оруулсан уу?
-Шахмал түлшний эхний бүтээгдэхүүнүүд гарснаас хойш олон удаагийн туршилт хийсэн. Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд хамгийн анх туршиж, сайжруулах шаардлагатай зүйлсээ сайжруулж ирсэн. Барьцалдуулагч болон байгалийн органик бүтээгдэхүүн эрдэнэ шишийн цардуул, шавар зэргийн норм стандартыг тохируулсан. Өнөөдөр шахмал түлш Монгол Улсын MNS:5679 стандартад нийцсэн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгдэж байгаа. Магадгүй дэлхий дээр сайжруулсан түлшний дараагийн технологи гарсан тохиолдолд бид бүтээгдэхүүнээ сайжруулж ажиллана. Таван толгойн түлш нь иргэдэд хортой биш. Бүх төрлийн лабораториор тогтоогдсон. Бид иргэддээ хортой зүйл нийлүүлэхгүй шүү дээ.
-Иргэдийн пийшин дэлбэрч, зарим иргэн угаартсан болохоор иргэд айдастай байгаагаа хэлдэг. Иргэдийн айдсыг арилгахын тулд юу хийсэн бэ?
-Ажлын явцад хэрэглээ талдаа анхаарах зүйл байгаа нь харагдсан. Тэгэхээр айл болгоны хэрэглээг илүү дэмжих шаардлага гарсан. Шинэ бүтээгдэхүүн, шинэ түлш гарсантай холбогдуулан гал түлэлтийн зөв дадал, соёлыг бий болгох ажлуудыг зохион байгуулж байгаа. Шахмал түлштэй холбоотой анхааруулгууд энэ оны хавраас эхэлж явсан. Бид шинэ бүтээгдэхүүн гаргахдаа хэрэглээний зааварчилгааг хамт өгч ажилласан. Есдүгээр сараас анхаарах зүйлсийн мэдээлэл өгөх ажлыг илүү эрчимжүүлж гэр хорооллын 200 гаруй мянган айл өрхөд хүрч ажиллаж чадсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Ингээд бид нийгэмд тулгамдаад байгаа хамгийн гол асуудлаа хамтдаа шийдвэрлэж байна. Төрөөс гарсан зөв зүйтэй бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо л хамгийн гол дэмжлэг байдаг. Тиймээс иргэд маань хамтарч эн тэргүүний асуудал болсон утааг шийдээд явж байна.
Айдсын тухайд онцлоход аливаа ажлыг судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх ёстой. Бид өнөөдөр хий зүйлд буюу улстөрчийн хоосон амлалтад итгэж амьдрах уу, шинжлэх ухаан, дэлхийн чиг хандлагад итгэх үү гэдэг сонголт хийх хэрэгтэй байна. Үндсэндээ бид сонголтоо хийсэн. Шинжлэх ухааныг буюу дэлхийн туршлагыг дагаж амьдарна гэдгээ сонгосон. Бид хэн нэгний худал хуурмаг амлалтад автахгүй гэдээ сонгочихсон шүү дээ.
-Өмнө нь иргэд хүйтрэхээс өмнө өвлийн түлшээ бөөнөөр авч нөөцөлдөг байсан. Харин шахмал түлшний худалдаанд тооны хязгаар тавиад байгаа. Борлуулалтын хувьд өөрчлөлт орох уу?
-Иргэд бөөнөөр нь авах шаардлагагүй. Өмнө нь иргэд нэг портер нүүрсийг 160-260 мянган төгрөгийн хооронд авдаг байсан. Ес эхлээд хүйтрэнгүүт нүүрсний үнэ нэмэгддэг учраас иргэд бөөнд нь авдаг байсан хэрэг. Ингэснээр иргэдийн санхүүд ачаалал болдог байлаа. Харин одоо иргэд бөөнд нь түлш авч санхүүгээ хүндрүүлэх шаардлагагүй. Түлш хэзээ ч дуусахгүй, тасрахгүй. Далай хэзээ ч ширгэдэггүйтэй адил сайжруулсан түлш байнга байж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ боломжийг бүрдүүлэхийн тулд үйлдвэр 24 цагаар ажиллаж байна. Дээрээс нь 500 гаруй борлуулалтын цэг ажиллаж байгаа. Энэ өвөл борлуулалтын цэгийг нэмнэ. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн лагерийн бүсэд амьдарч байгаа иргэдэд хүргэнэ. Нөгөө талаар үнийг тогтвортой барина. Хүйтэрлээ гэхэд хомсдол нэрийдлээр түүхий нүүрсний үнэ нэмэгддэг байсан бол өнөөдөр төр засаг үнээ барина. Тэгэхээр хүний эрүүл мэнд, эрх ашгаар хэн нэгэн наймаа хийх боломжгүй болно. Тодорхой хэмжээний эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Тэр эсэргүүцэл нь 1.4 сая иргэний эрх ашгийн дэргэд юу ч биш.
-Иргэд шахмал түлш түлэхдээ мод ашигладаг. Модны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Ойн цэвэрлэгээнээс хангалттай хэмжээний түлээ гарч байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллагаас их хэмжээний түлээний мод нийлүүлэхээр ажиллаж байна. Тэгэхээр нийслэлд түлээний мод нийлүүлдэг иргэн, аж ахуйн нэгж өмнөх байдлаараа түлээгээ нийлүүлнэ. Дээрээс нь БОАЖЯ-наас ойн цэвэрлэгээгээр орж ирсэн модоо түлшинд нийлүүлнэ. Энэ түлш зах зээлийн үнээс доогуур үнээр худалдаалагдах боломжтой. Удахгүй сайжруулсан түлш худалдаалж байгаа цэгүүдээр хямд үнэтэй түлээний борлуулалт хийнэ.
-Энэ жил нийслэлд шахмал түлшний хэрэглээг нэвтрүүллээ. Ирэх жил агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр өөр томоохон төсөл хэрэгжүүлэх үү?
-Монголчууд байнга шахмал түлш түлж, соёлоос хоцрогдож амьдрахгүй. XXI зуунд хатуу түлш түлэх нь өөрөө хоцрогдсон хэлбэр. Тэгэхээр дараагийн алхмуудаа хийх хэрэгтэй. Дэд бүтэц, орон сууцжуулах ажил, сэргээгдэх эрчим хүч, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Энэ бол төрийн үүрэг. Зөв бодлого шийдвэр гарснаар ойрын 8-10 жилд гэр хорооллын айл өрхийн 60 хувийг орон сууцанд оруулах бодлого хэрэгжих боломжтой. Үүнийг ажил хэрэг болгохын төлөө УИХ, Засгийн газраас төлөвлөгөө гаргаж, төсөв мөнгө, анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Үүнийг шат дараатай, цогц арга хэмжээгээр шийднэ. Тэгэхээр харж л байя. Бидний зүгээс саналуудаа өгөөд явж байгаа.
Сэтгэгдэл ( 2 )
Surguuli, tsetserleg
Ene uvul 50-80 huvi buurna geed Baigali orchnii said bas helchihsen bgaa sh dee.