ЧУУЛГАН: Элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох асуудлыг ДЭМЖЛЭЭ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар дэмжлээ. Санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэхээр тогтсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Ц.Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайд Н.Батаа, Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн, Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд О.Энхцэцэг, НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд С.Сүхболд нарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар Д.Давааг, Куба Улсад суух Элчин сайдаар Ш.Батцэцэгийг, Польш Улсад суух Элчин сайдаар Б.Доржийг, Тайланд Улсад суух Элчин сайдаар А.Төмөрийг, Швед Улсад суух Элчин сайдаар Т.Жанабазарыг, НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр В.Энхболд нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн билээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт “Куба 11 сая хүн амтай ч жижиг газар нутагтай. Хамгийн ядуу орон гэгддэг ч иргэдээ эрүүл байлгахад эн тэргүүнд анхаардаг. Эрүүл мэндийн салбар нь хөгжингүй орнуудаас давж гарсан. Харин эсрэгээрээ Монгол Улс өргөн газар нутагтай ч цөөн хүн амтай. Иргэд нь амиа аврахын тулд өр зээл тавиад гадаадад эмчлүүлдэг. Өдөр болгон иргэд хандив цуглуулах аян өрнүүлж байна. Монголчууд маань Монголдоо эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг бий болгох чиглэлээр Кубатай хамтарч ажиллахад анхаарч ажиллахыг хүсье. Мөн Тайландад манай иргэд эрүүл мэндийн чиглэлээр олноороо зорчиж байна” гэхэд Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Элчин сайдаар нэр дэвшиж буй Ш.Батцэцэг “Куба улс иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлыг шийддэг гэдгээрээ анхаарлын төвд байдаг. Манай улстай эрүүл мэндийн чиглэлээр “Монфарм”, “Эм импекс” зэрэг байгууллагуудтай харилцаатай ажилладаг. Энэ харилцааг өргөжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ялангуяа  чихрийн шижин зэрэг сайн чанарын эмийг Монголд нийлүүлэхэд анхаарч ажиллана” хэмээн хариулав. Мөн Тайланд Улсад суух Элчин сайдаар нэр дэвшиж буй А.Төмөр “Тайланд бол эрүүл мэндийн чиглэлээр зүүн өмнөд Азидаа хөгжилд хүрсэн.Монгол-Тайландын техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр гэж бий. Энэ байгууллагатай хамтарч Тайландад эрүүл мэндийн салбарыг мэргэжилтнүүдээ бэлтгэхэд анхаарч ажиллана. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд холбож ажиллана гэж бодож байна” гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.67.28) 2019 оны 11 сарын 08

Батцэцэг Индонезд суугаад индонез торго зардаг бизнес хийдэг болсон ! Одоо сахарын эмээр бизнес хийх нь дээ . Тэтгэврийн чуганц ямар юмных нь липломат бхав д 60 хүрсэн эмгэнээр дипломат дутав уу? Цогтбаатар аа!!!

0  |  0
Иргэн (139.5.216.171) 2019 оны 11 сарын 08

Мэргэжлийн хүмүүс байна. Харин яагаад Орост генерал явуулж байгаа юм бол доо. Тэгээд ч их жулдана. Батцэцэг маш сайн ажилладаг хүн, арай өргөн харилцаатай, магадгүй Тайландад явуулж болох байсан байх. Уг нь кубад МАН-ын угшилтай хүн явуулбал хүлээн авагч тал илүү сайн ханддаг юм. За тэгээд тэнд хийх юм байхгүй дээ. ”Монголд өвөл гэж нэг сайхан юм байдагсан” гэж гиеүрч уйдаж байгаад л ирдэг юм билээ.

0  |  0
Top