УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан байна. Уламжлал ёсоор өнөөдөр /2019.11.11/ буюу даваа гарагт УИХ дахь нам бүлэг, зөвлөлийн хуралдаан болж энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэнэ. Харин мягмар, лхагва гарагуудад УИХ-ын байнгын болон дэд хороод хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэнэ. Тухайлбал, Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх бол Хууль зүйн байнгын хороо Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, даргалагчийг томилох асуудлыг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хороо “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох бол Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.
Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааныг лхагва, пүрэв, баасан гарагуудад зарласан байна. Чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэртэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэн батална. Мөн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийнэ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллаас харахад энэ долоо хоногийн онцлох сэдэв 2020 оны улсын төсөв байх нь. Сөрөг хүчний зүгээс 2020 оны төсвийг асар үрэлгэн, бодит байдлаас зөрүүтэй хэмээн дүгнэж буй. Учир нь ирэх онд орлогын албан татварыг 2019 оныхоос 37.1 хувиар өсөж 2,764.7 тэрбум төгрөг төсөвт орно гэжээ. Нийгмийн даатгалын шимтгэлийн хураамж 41.6 хувиар нэмэгдэж 2,402.7 тэрбум төгрөг төсөвт орно гэсэн нь биелэхэд хүндрэлтэй гэж байгаа юм. Түүнчлэн гаалийн албан татварыг 17.7 хувиар, онцгой албан татварыг 13,8 хувиар, тусгай зориулалтын орлогыг 30.3 хувиар, хөрөнгийн албан татварыг 19.3 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцож байгаа нь ядарсан ард түмнийхээ шүүсийг шавхахаар шийдсэн төсөв хэмээн шүүмжилж байгаа юм.
Харин албан тушаалтнуудыг чөлөөлөх асуудлын тухайд Монгол Улс Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг байгууллагын “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Эдгээр албан тушаалтнуудыг чөлөөлөх шалтгааныг УИХ-ын дарга Г.Занданшатар “Банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар холбогдох Байнгын хороод ажлын хэсэг гарган ажиллуулж, үйл ажиллагаа нь учир дутагдалтай байна гэсэн санал, дүгнэлтийг удаа дараа гаргаж байсан. Мэргэжлийн холбоодоос ч гомдол, хүсэлтээ ирүүлсэн. Мөн УИХ-ын зарим гишүүдийн зүгээс тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцох төсөл өргөн мэдүүлж байсан. Түүнчлэн Монгол Улс “Саарал жагсаалтад” орж, улс орны нэр хүнд унасан, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй болсон учраас холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагатай болсон. Иймээс нийгэмд бий болсон хүлээлт, шаардлагын дагуу хариуцлагын асуудал яригдаж байгаа” гэж тайлбарласан юм.
Сэтгэгдэл ( 0 )