Л.Оюун-Эрдэнэ: УИХ шийдвэр гаргаж, Засгийн газар ажлаа хийх боломжийг олгох ёстой

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Оюутолгойн гэрээнд алдаатай зүйлүүд бий. “Рио Тинто” нэг тал, нөгөө талдаа Монгол Улс байгаа. Тэгэхээр өөрсдийнхөө сул талыг бага ярьж, алдаа мадгийг яаж сайжруулах талаар ярих ёстой гэж бодож байна. Намайг ажлын хэгсийн гишүүн болсноос хойш “Рио Тинто”-гоос уулзъя гэж олон удаа хүссэн. Би нэг ч уулзаагүй. Монгол Улс нэг цонхоор ярихгүй бол салаа бүрээр янз бүрийн хүмүүс уулзуулж, мэдээлэл аваад эргээд нэг бодлогоор ажиллаад байна. Оюутолгойн ТУЗ-д Монголын талаас гурван хүн муу ажиллаж байгаа. Энэ хүмүүс Монголын 34 хувь, ашиг орлогыг яаж хамгаалах вэ гэж ажиллах ёстой байтал идэвхтэй байж чадахгүй байна. Бид мянган тонн алтаа ямар хэлбэрээр ашиглах талаар ямар нэгэн хэлбэрээр ярьсан зүйл бий юу? Алт нь гараад байгаа юм уу, зэс нь гараад байгаа юм уу, мэдэхгүй. Бид хувь хүртэх биш сүүлдээ өрөнд орж байна. Үүнийг эсэргүүцэж ажилласан уу? Шүүх дээр бас юу болоод өнгөрсөн бэ? Засгийн газрыг төлөөлж хуралдаанд оролцсон хүн тайлбар өгнө үү?” хэмээн асуулаа.

Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс “Рио Тинто”-той нэг цонхоор харьцах учиртай гэдэгтэй санал нэг байна. Үүнд УИХ-ын гишүүд анхаарч, уулзъя гэсэн санал болгоныг хүлээж аваад, дээр дооргүй утасддагаа болих хэрэгтэй. Өнөөдөр УИХ-аар шийдвэр гаргаж, Засгийн газар ажлаа хийх боломжийг олгох ёстой. Бүтэн зургаан сарын туршид хэлцэл хийх боломжгүй явж ирлээ. Засгийн газрын харьяа агентлагийнхан нэг цонхны бодлогыг анхаарахыг сануулж байна. 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 99 дүгээр тоот Ерөнхий сайдын захирамжаар Бямбасайхан, Д.Ганболд нарт далд уурхайн төлөвлөлтөд гарын үсэг зурах эрхийг өгсөн. Засгийн газрын шийдвэр нь захирамжийн хэлбэртэй байж болдог. Гэхдээ ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэлтэй холбоотой асуудал нь Засгийн газрын тогтоол болж албажих ёстой. Бүх яамдаас санал авах ёстой. Энэ процедурыг алгассан учраас захиргааны шүүх дээр асуудал явж байгаа. Шүүхийн захирамжийг бичгээр албажуулж авсныхаа дараа цаашид хэрхэхээ шийднэ. Ер нь төр засагт ажиллаж байгаа хүмүүс цаашид асуудал үүсгэх зүйл хийхгүй ажиллах хэрэгтэй” хэмээн хариуллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.148) 2019 оны 11 сарын 21

Оюунэрдэнэ сайдаа,Хүрэлсүх ёр.сайд та 2 оюутолгойн асуудал дээр хатуу байр сууртай байж Даваасүрэн гишүүнтэйгээ хамтран шударга гэрээ байгуулахын төлөө ажиллах хэрэгтэй шүү.Танай Нямдорж сайд оюутолгойн лоббид орсон нь тодорхой боллоо.Иймд наад нөхрөө замаасаа зайлуулж тэр оюутолгой руу нь явуулах хэрэгтэй шүү.

1  |  0
Top