Ховдын Дарви сумынхан ХӨШӨӨТИЙН УУРХАЙН хөлд үрэгдэж, дайжиж эхэлжээ

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 11 сарын 26

Улаанбаатар хотоос 1400 гаруй км зайд алслагдсан Ховд аймагт "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр амжилттай болж, өндөрлөлөө. Уг хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан юм. Үндсэн илтгэлийг Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар тавилаа. 

ХОВДУУД ГАЗАР НУТГИЙНХАА 52 ХУВИЙГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВЧЭЭ

Харин Ховд аймгаас Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр болон нутгийн иргэд оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Ховд аймгийн уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр өглөө.

Тэрбээр "Ховд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт 2020 он гэхэд аймгийн газар нутгийн 40 хувийг орон нутгийн болон улсын тусгай хэрэгцээнд авах зорилт тавьсан байдаг. Энэ хүрээнд өнөөдөр Ховд аймгийн нийт газрын 52 хувийг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад авч чадсан. Гэхдээ манай Ховд аймагт хариуцлагагүй уул уурхай байсаар л байна. Ялангуяа бичил уурхай нэрийн дор хууль бус олборлолт явуулсан хэвээр байна. Тухайлбал, Булган сумын Майхан толгой гэдэг газарт хууль бусаар алт олборлож байсан 10 гаруй хүнийг татан буулгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Цаашид энэ мэт хууль бус ашигт малтмалыг таслан зогсоож, хяналт тавих шаардлагатай. Энэ чиглэлд орон нутаг, улсын төсвөөс тодорхой хэмжээний төсөв гаргаж, нөхөн сэргээлт хийх боломжтой гэж үзэж байна. Гэхдээ Ховд аймаг бусад аймгийг бодоход харьцангуй унаган төрхөөрөө хадгалагдаж үлдсэн нутаг юм" гэж тодотголоо.

ХОВД АЙМАГТ ХҮЧИН ТӨГӨЛДӨР 106 ЛИЦЕНЗ БИЙ 

Монгол Улсын баруун бүсийн хөгжлийн тулгаар болсон Ховд аймаг нь 16 сумтай. Хэдийгээр аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй ч тодорхой хэсгийг уул уурхайн салбар эзэлдэг. Учир нь, тус аймагт улсын хэмжээнд томоохон гэж тооцогддог гурван том уурхай үйл ажиллагаа гаа явуулж байна. Тухайлбал, "Мо Эн Ко" ХХК-ийн Хөшөөтийн нүүрсний уурхай, "Теффис майнинг" ХХК-ийн Зүүн Хөшөөтийн уурхай, "Талст молор" ХХК-ийн Оцог хад уурхай гэсэн гурван том уурхай үйл ажиллагаа явуулдаг.

Аймгийн хэмжээнд өнөөдөр хүчин төгөлдөр ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрөл байгаа аж. Тодруулбал, тус аймагт ашиглалтын 35, хайгуулын 71 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь нийт газар нутгийн 3.5 хувь буюу 265.3 га талбайг эзэлж байгаа талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр хэлэлцүүлгийн үеэр ярьсан юм.

Тэрбээр "Манай аймагт 106 лиценз олгогдсон. Тухайлбал, Алтай суманд хамгийн их буюу 26 лиценз олгогдсон байдаг. Бусад сум болох Булганд дөрөв, Буянтад дөрөв, Дарвид 18, Дөргөнд зургаа, Дуутад хоёр, Манханд нэг, Мянгадад 20, Мөнххайрханд хоёр, Мөстөд тав, Үенчид 14, Ховдод гурав, Зэрэгт гурав, Цэцэгт хоёр, Чандманьд хоёр, Эрдэнэбүрэн суманд таван тусгай зөвшөөрөл олгосон. Аймгийн хэмжээнд гурван том уурхай үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр уурхайн байгаль орчны менежмент, төлөвлөгөөний биелэлтийг ирэх арван хоёрдугаар сард дүгнэнэ" гэлээ.

Аймгийн хэмжээнд өнөөдөр хүчин төгөлдөр ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрөл байгаа аж.

Ховд аймгийн зүгээс бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих шаардлагатай гэдгийг онцоллоо. Тэднийг өөр ажлын байранд зуучилснаар ажлын байр нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Түүнчлэн уул уурхай, байгаль орчин руугаа дайрдаг хандлага багасна гэж үзэж байгаа аж.

НАЙМАН СУМЫН 200 ОРЧИМ ГА ТАЛБАЙ УУЛ УУРХАЙН ЗОЛИОС БОЛЖ, ХАЯГДЖЭЭ

Ховд аймгийн хэмжээнд найман сумын 36 газар эвдрэлд оржээ. Өөрөөр хэлбэл, уул уурхайн балгаар нийт 200 орчим га талбай эвдрэлд орж, хаягдсан гэх тооцоог гаргажээ. Тодруулбал, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны улмаас 103.12 га газар эвдэрчээ. Харин хувиараа ашигт малтмал, олборлогч иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж 84.56 га газар сүйрсэн байна. Түүнчлэн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосны үйл ажиллагаагаар 12.2 га талбай эвдрэлд орсон аж.

Энэ талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр "Уул уурхайгаас болж аймгийн хэмжээнд 199.98 га талбай эвдрэлд орсон байдаг. Тухайлбал, Алтай сумын 34.87 га газар эвдэрсэн. Булган сумын 11.9 га, Буянт сумын 5.3 га, Дарви сумын 72.95 га, Манхан сумын 0.6 га, Мөст сумын 6.16 га, Мянгад сумын 0.9 га, Цэцэг сумын 63.4 га, Жаргалант сумын 3.9 га газар уул уурхайн золиос болсон байна" гэх мэдээллийг өглөө.

Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны улмаас 103.12 га газар эвдэрчээ. Харин хувиараа ашигт малтмал, олборлогч иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж 84.56 га газар сүйрсэн байна.

Тэгвэл аймгийн хэмжээнд уул уурхайн балгаар эвдэрч, хаягдсан газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийжээ. Өөрөөр хэлбэл, 2015 онд 27 га, 2016 онд 18.22 га, 2017 онд таван га, 2018 онд 6.5 га нийт 56.72 га газарт нөхөн сэргээлтийг хийсэн байна. Гэсэн ч өнөөдрийн байдлаар 60 орчим га газарт нөхөр сэргээлт зайлшгүй хийх шаардлагатай байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр хөндөж байлаа. 

ХӨШӨӨТИЙН УУРХАЙТАЙ ТОХИРОЛЦООНД ХҮРЭЭГҮЙ ГАНЦХАН АЙЛ ҮЛДЖЭЭ

Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах Хөшөөтийн уурхайд "Мо Эн Ко" болон "Теффис Майнинг" гэсэн хоёр компани үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс үүдэн Дарви сумын Мөрөн багийн иргэд Хөшөөтийн уурхайн хөлд үрэгдэж, дайжиж эхэлсэн байна. Тиймдээ ч  "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийн үеэр Дарви сумын иргэд Хөшөөтийн уурхайг тойрсон асуудлыг хөндөж байлаа.

Тухайлбал, Дарви сумын иргэн Х.Бат-Амгалан "Би Хөшөөтийн уурхайд амьдардаг. Энэ уурхайд нүүрс олборлолтын нэг компани явуулдаг. Өнгөрсөн аравдугаар сараас нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Эндээс нэгийг харьцах нь нэг гэдэг зарчмаар газрыг нь үнэгүйдүүлж авсан. Манайх хоёр эзэмшлийн газартай. Нүүлгэн шилжүүлэх нэрийн доор үнэгүй авах гээд байна. Гэтэл Монгол Улсын иргэн нэг удаа газар өмчилж авах эрхийн дагуу газраа өмчилж авсан. Энэ газрыг өгчихвөл дахиж надад газар өгөхгүй. Тиймээс би энэ компанитай газраа үнэгүй өгөхгүй гэ.дэг зүйлийг л ярьж байна. Манай Дарви сумын Мөрөн багийн иргэдийн эрх ашиг маш их зөрчигдөж байна. Одоо Хөшөөтийн уурхайд ганцхан айл үлдсэн. Манайх л үлдсэн гэхэд болно. Аймагтай ярих гэхээр газрын асуудлаа компанитайгаа ярь гэдэг. Ард иргэд нь нүүгээд явчихсан болохоор тог, усаа өгөхөө больчихсон. Үнэхээр хэцүү байна" хэмээн ярилаа.

Үүнээс үүдэн Дарви сумын Мөрөн багийн иргэд Хөшөөтийн уурхайн хөлд үрэгдэж, дайжиж эхэлсэн байна.

Түүнчлэн Дарви сумын Хүрмэн багийн иргэн Д.Цэцэгмаа "Хөшөөтийн уурхайн Мон эн ка ар гэдэг компани намайг хохироосон. Манайх Хар асга гэдэг газар өвөлждөг. Харамсалтай нь, хэдэн жилийн өмнө цөлжилт болсон. Тухайн үед төлөө авч чадаагүй. Гэсэн ч уул уурхайн салбарын балгаар малаасаа ноолуур авч чадаагүй өдийг хүрлээ. Ийм сөрөг нөлөөтэй байна, хохирчихоод байна. Холбогдох дарга нарт нь хандсан ч ямар нэгэн арга хэмжээ авч өгөхгүй байна" гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.28) 2019 оны 11 сарын 26

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37

0  |  0
matilda(197.234.219.28) 2019 оны 11 сарын 26

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Top