Байгаль орчны хуулиудын 469 давхардал, хийдлийг арилгана

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авч, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээний болон байгалийн нөөцийн хууль бус ашиглалтад тавих хяналтыг сайжруулна”, “Байгаль орчинг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, ашиглалтын үр өгөөжийг сайжруулна” гэж, мөн УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Байгаль орчныг хамгаалах тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулахаар заасан. Энэ үндсэн дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаалаар Байгаль орчны хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилго бүхий хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулж ажиллуулсан байна.

Байгаль орчны хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Ховордсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Зөрчлийн тухай зэрэг гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулжээ. Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран болон яамны зүгээс 5 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, бусад яамдын санал болон Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн саналыг бичгээр авч хуулийн төсөлд тусгажээ.

Энэ хуулийн төслийн гол зорилго нь байгаль орчны талаарх хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгаж, нэг мөр цэгцэлж авахад чиглэж байгаа юм. Судалгааны явцад ажлын хэсгээс байгаль орчны чиглэлийн 19 хуульд нийтдээ 469 давхардал, хийдэл, зөрчил байгааг мониторинг хийж гаргаж ирсэн байна. Энэ үндсэн дээр 14 хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгахаар төслүүдийг боловсруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top