ХЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Н.Хүдэрчулууныг томилохыг дэмжлээ

2019 оны 12 сарын 18

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.18) хуралдаан 11 цаг 03 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Х.Нямбаатар нэр дэвшигчийн талаар танилцуулсан. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос тус бүр 1 нэр дэвшигч санал болгох хуулийн зохицуулалттай. Энэ дагуу Хууль зүйн байнгын хорооноос Нанжидын Хүдэрчулууныг нэр дэвшүүлж байгаа аж. Тэрбээр 1981 онд Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, халх. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1989-1998 онд  Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль, 2000-2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч-статистикч мэргэжлээр төгссөн. 2005-2007 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2009-2012 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 

2004-2016 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, 2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтсийн дарга, 2017 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа талаар Байнгын хорооны дарга танилцуулсан юм. 

Танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асуух, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 10 гишүүний 7 нь Нанжидын Хүдэрчулууныг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр томилохыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top