Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн холбоотой хамтран өнгөрсөн баасан /2019.12.20/ гарагт "FACT CHECK" сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч асан Чон Гю Сон нар оролцлоо. МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн Гүйцэтгэх захирал Ц.Тамир, Livetv.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа, Gogo.mn сайтын сэтгүүлч Р.Адъяасүрэн нар сургалт, хэлэлцүүлгийн панелистаар суусан бол модератороор МСНЭ-ийн Гадаад харилцааны зөвлөх Д.Тодням ажиллалаа.
-МОНГОЛД ХАМГИЙН ИХ ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДАЛ БОЛ БАРИМТЫГ НЯГТЛАХ-
Сургалт, хэлэлцүүлгийг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэлсэн.
Тэрбээр "Бид Солонгосын сэтгүүлчдийн холбоотой найрсаг, хамтын ажиллагаатай байдаг. Энэ жилийг МСНЭ-ээс гадаад харилцааны жил болгон зарласан. Энэ хүрээндээ өнөөдрийн байдлаар 30-аад оронтой хамтын ажиллаагтай ажиллаж байна. Энд Солонгосын сэтгүүлчдийн холбоо маш том байр суурийг эзэлдэг. Тиймээс бид анд найз нартаа, хамтран ажилладаг байгууллагадаа хүсэлт тавьсан. Энэ хүрээнд өнөөдрийн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Өнөөдөр Монгол Улсад хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол баримтыг нягтлах буюу fact check. Дэлхий нийтэд хуурамч мэдээллийг нягтлах нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Энэ санаачилга, тогтолцоо бол АНУ-д маш сайн хөгжиж байгаа гэхэд болно. Редакцийн түвшинд хөгжиж ирсэн энэхүү тогтолцоо нь нийгэмд гарч байгаа хуурамч мэдээллийг таних, түүнтэй тэмцэх чиглэлд хүрээгээ тэлсэн. Азид яг энэ чиглэлээр тэргүүлж, үлгэр жишээ болж байгаа орон бол Солонгос" хэмээн тодотголоо.
ХАМГИЙН БОДИТ, ҮНЭН МЭДЭЭЛЛИЙГ ДАМЖУУЛАХ НЬ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ҮҮРЭГ
БНСУ-ын сэтгүүлзүйн судлаач, профессор И Мин Кю "Хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх, Fact check", "Дрон сэтгүүлзүй ба Дроныг сэтгүүлзүйд хэрхэн ашиглах вэ" зэрэг сэдвээр сонирхолтой сургалтыг орлоо. Тэрбээр "Манай улсад тоосжилт асуудал болсон. Нийгмийн энэ асуудлыг дагаад хуурамч мэдээлэл маш их байдаг. Манай Сөүлд тоосжилт өндөр түвшинд яригдаж байгаа шалтгаан нь дотооддоо бий. Гэтэл хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд гаднаас шалтгааныг нь их хайдаг. Ингээд бодохоор хуурамч мэдээ, мэдээлэл нь ганцхан дотоодод биш гаднын улсад ч хөндөгдөх хэмжээний олон улсын асуудал болсон байна. Энэ цаг мөчид хэвлэл мэдээллийн байгууллагын дотоод fact check ямар чухал болох нь харагдаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг нь хамгийн бодит, итгэж болох үнэн мэдээллийг дамжуулах үүрэгтэй байдаг" хэмээн сургалтынхаа эхэнд ярьсан юм.
Ирэх жилийн дөрөвдүгээр сард Солонгос улсад парламентын сонгууль болох аж. Улс төрийн эрх баригч хүчнийг сольдог, тэр нь нийгэмд нөлөөлдөг болохоор парламентын сонгууль нь өндөр ач холбогдолтой гэдгийг профессор онцолж байлаа.
Хэдийгээр ирэх онд сонгууль болох ч тус улсад одооноос олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуурамч мэдээ, мэдээлэл яваад эхэлчихсэн гэдгийг хэлж байлаа. Тэрбээр энэхүү хандлага, үзэгдэл Монгол Улсад ч гэсэн ялгаагүй, адилхан ажиглагдаж байна гэв. Гэхдээ профессор И Мин Кю сургалтаа зөвхөн Монгол, Солонгос улсын хүрээнд орсонгүй. Харин ч эсрэгээрээ дэлхий нийтэд хуурамч мэдээ, мэдээллийг хэрхэн нягтлах, хэрхэн хөгжиж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Ингэхдээ "fact check"-ийн талаар гурван арга, хэлбэрийг түлхүү ярилаа. Харин хоёр дахь сургалт, илтгэлээрээ дроны сэтгүүлзүй гэх өөрийн хөгжүүлж байгаа шинэ урсгалын талаар тодорхой мэдээлэл, ойлголтыг өглөө.
ДЭЛХИЙ НИЙТЭД FACT CHECK ХАЛУУН СЭДЭВ БОЛЖЭЭ
Баримтыг нягтлах буюу fact check нь дэлхий нийтэд халуун сэдэв болоод байгаа аж. Энэ ч утгаараа Олон улсын fact check хүрээлэн, сүлжээний талаарх мэдээллийг БНСУ-ын сэтгүүлзүйн судлаач, профессор И Мин Кю өгсөн. Түүний өгсөн мэдээллээр бол энэхүү хүрээлэн, сүлжээ нь дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төдийгүй тодорхой шалгуурыг нь давсан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өөр хооронд нэгтгэх зорилготой гэнэ.
Өнгөрсөн жилийн тавдугаар сард олон улсын хүрээлэнгүүдийн fact check-үүд цуглажээ. Тэд том форум зохион байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн өнцөг булан бүрээс fact check-ээр мэргэшсэн сэтгүүлчид өргөн хүрээний хэлэлцүүлгийг гурван шөнө, дөрвөн өдөр зохион байгуулжээ. Энэхүү уламжлал болсон форумд ирэх жил Монгол Улсаас хэн нэг нь оролцох боломжтой гэдгийг хэллээ.
З.БОРГИЛМАА: МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАДАГ ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГА БОЛСОН
Тэгвэл сургалт, хэлэлцүүлэгт панелистаар оролцсон МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа "Худал мэдээлэл хүч түрсэнд технологийн хөгжил гол хүчин зүйл хэдий ч уламжлалт мэдээллийн хэрэгслийн нэр хүнд унасан нь үүнд бас тодорхой нөлөө үзүүлсэн гэж Солонгосчууд өөрсдийнхөө нөхцөл байдлыг дүгнэжээ. Уламжлалт мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл буурахад нөлөөлсөн нэг хүчин зүйл нь хоорондынх нь өрсөлдөөн болж байгаа бөгөөд энэ дунд хэт барууны, эсвэл хэт зүүний үзэл баримтлалтай редакциуд нэг үйл явдал, ижил баримтыг эрс тэс тайлбарлаж байгаа нь ийнхүү итгэл унахад нөлөөлсөн гэсэн дүгнэлт гарсан байна. Мэдээллийн эрин үе дэх сэтгүүл зүй юу болж хувирах вэ. Нийгэм биднээс юу хүлээж байгаа вэ гээд олон асуудлыг fact check тогтолцоотой холбон Солонгосын Хэвлэл мэдээллийн судалгааны хүрээлэнгийн захирал асан, өдгөө сэтгүүл зүйн сургалтаараа алдартай Junan их сургуулийн профессор, доктор Ли Мин Кю багш хэлж байна. Нийгэмд худал, хуурамч мэдээлэл асар их байгаа бөгөөд сэтгүүлч нийгмийн сайн сайхан, шударга ёс, үнэний төлөө тэмцэгчид мөн юм бол мэдээллийг шалгадаг тогтолцоог хөгжүүлэх нь цаг үеийн шаардлага болсон" хэмээн ярилаа.
ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ МАШ ИХ БАЙДАГ
Монгол Улсын хувьд гурван хүн тутмын нэг нь фэйсбүүк ашигладаг гэх судалгаа гарчээ. Тэд бүхий л мэдээллээ олон нийтийн сүлжээгээр авдаг. Харин тэрхүү сүлжээнд нь хуурамч мэдээлэл маш ихээр хөвөрч байдаг гэдгийг БНСУ-ын сэтгүүлзүйн судлаач, профессор И Мин Кю онцолсон юм. Тэрбээр "Фэйсбүүкийн удирдлагууд Монголд ирж уулзсан гэж сонссон. Гэхдээ энд МСНЭ-ээс шаардлага хүргүүлж, технологийн хувьд хуурамч мэдээ, мэдээлэл түгээхгүй байх тал дээр технологийн хувьд ямар дэвшил байгаа эсэхийг нь судлах хэрэгтэй. Энэ ажлыг сэтгүүлчид та бүхэн хийх боломжтой гэж бодож байна. Фэйсбүүк компанийн зүгээс шууд хувь хүний мэдээлэлд халдахгүй ч гэсэн та бүхэн хүсэлт гаргах юм бол цахим орчинд хуурамч мэдээ, мэдээлэл гаргахгүй байх тал дээр тэд мөнгө хөрөнгө гаргах ёстой гэж бодож байна" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )