Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ өнөөдөр /2020.01.17/-ийн хуралдаанаараа баталлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Х.Нямбаатар, Д.Хаянхярваа, О.Батнасан нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс сүүдрийн эдийн засгаа ил гаргах талаар Сангийн яамнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодруулахын зэрэгцээ, ФАТФ-ийн дөрвөн асуудал сүүдрийн эдийн засагт хэдэн хувь эзлээд байгаа талаар тодруулж байлаа. Сангийн дэд сайд Х.Булгантуяа хариултдаа, Монгол Улс 2010 оноос далд эдийн засгийг тооцож эхэлсэн. 9,2-15,7-ын хооронд хэлбэлзэж байсан. Далд эдийн засгийг багасгахад НӨАТ-ын шинэ хууль үр дүн өгснийг онцлов. Мөн тэрбээр, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын тайланг хялбаршуулж, 135 улсын оффшор бүстэй мэдээлэл солилцох боломж бүрдэж байна гэж байлаа.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хэлсэн үгэндээ "Саарал жагсаалттай холбоотой дөрвөн шаардлага байгаа. Түүнийг биелүүлсэн тохиолдолд саарал жагсаалтаас гарна. Авлига авсан хүмүүс мөнгө угаасан байх магадлалтай гэсэн асуудлыг анхаарч, хариуцлагаа сайжруул гэсэн. Оффшорт байгаа мөнгөтэйгөө тэмцэх бус хөдөлмөрлөж, ажлын байр бий болгоод яваа аж ахуйн нэгжийг дарамтлах талаар ярьж болохгүй" гэж байлаа. Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Саарал жагсаалтад тусгасан дөрвөн шаардлагаас гадна олон асуудал байгаа тул эрсдлийг сайн тооцож, оношоо зөв тодорхойлохыг анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Хууль баталбал саарал жагсаалтаас гарахгүй. Саарал жагсаалтаас гаргах календарьчилсан төлөвлөгөө, нэгдсэн зохион байгуулалттай ажил хийх нь чухал байгааг онцлов.
Сэтгэгдэл ( 0 )