Х.Нямбаатар: Алтан дунджийг бодож наймдугаар сарын 1 гэдэг хугацааг сонгосон

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

УИХ-ын чуулганы  өнөөдрийн /2020.01.30/ нэгдсэн хуралдаанаар орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна.

Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын О.Баасанхүү “Орон нутгийн сонгуулийг ирцгүй болгоод намын гишүүдийн сонголтоор орон нутагт ялдаг болгох гэж байгаа бол энэ хууль утгагүй болно. Тэгвэл намын хурлаараа сонгуулиа явуул л даа. Төсөв багатай болно. Иргэдийн төлөөлөгчдөө сонгох сонгууль шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн С.Чинзориг “Төрийн албан хаагчид дөрөвдүгээр сарын 1-нд ажлаа өгөхийг наймдугаар сарын 1 болгох санал оруулж байна. Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь цэвэр иргэдийн төлөөллийн байгууллага. Энэ бол орон тооны бус хурал. УИХ-тай адилтгаж авч үзэх шаардлагагүй. Орон тооны бус хуралд сонгогдох хүнийг сонгууль болохоос хоёр сарын өмнө чөлөөлж байхаар сонгуульд нэр дэвших эрхээ авсан өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж болохгүй юу” хэмээн асуув.

Үүнд Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Хүн болгон санаа бодлоо хэлж байна. Дөрөвдүгээр сарын 1-нд чөлөөлөх гэхээр сумын албан хаагч зургаан сар 15 хоногийн турш ажилгүй болчихно. Тэгээд жаахан боловсрол чадвартай хүмүүс нь ажилтай байхын тулд сонгуульд нэр дэвшихээ больж байна. Энэ бол улс төрийн сонгууль биш. Тиймээс улс төрийн сонгуультай адилтгаж болохгүй. Улсын хэмжээнд 7000 хүн нэр дэвшдэг юм байна. Шууд нэр дэвшмэгцээ ажлаасаа түдгэлзэх асуудлыг оруулахаар улсын ажил цалгарддаг байдал бий болно. Наймдугаар сарын 1-нд ажлаа өгөн гэдэг нь 15 хоногийн дотор материалаа бүрдүүлэх хугацаа олгож байгаа. Алтан дунджийг бодолцсон хугацаа юм шүү” хэмээн хариуллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top