С.Бямбацогт: Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэхээр болсон

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 07

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2020.02.07/ хэвлэлийн хурал хийж, УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт мэдээллийн эхэнд "УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 21 удаа хуралдаж, хуулийн төсөл 29, УИХ-ын тогтоолын төсөл 16, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал 7, хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэхийн 18 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 11 санал, дүгнэлт,  6 танилцуулга гаргаж, Байнгын хорооны 5 тогтоол баталсан. Мөн Байнгын хорооны дарга, гишүүд Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч, тодорхой үүрэг чиглэл өгч ажилласан. Тайлант хугацаанд Байнгын хороо Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслүүд болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Түүнчлэн “Хөгжлийн бодлого төлөвлөлт: Хэрэгжилт, шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг, мөн УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвээр цуврал хэлэлцүүлэг, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан" хэмээн мэдээлэл өглөө.

Түүнчлэн "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ 2019 оны арванхоёр дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.  НҮБ-ын 54 дүгээр Ерөнхий чуулганаас баталсан тогтоолд: “Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж, дэлхийн хамгийн эртний шашин болох Бурханы шашны 2500 гаруй жилийн турш хүн төрөлхтөнд оюун сэтгэлийн хөгжилд оруулсан хийгээд оруулсаар байгаа хувь нэмрийг талархан тэмдэглэж байгааг авч үзээд Бурхан багшийн Их дүйчин өдрийг НҮБ-ын төв болон бусад салбар, байгууллагуудад олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсугай” гэж тодорхойлсон  байдаг. Үүнтэй холбоотойгоор,  Бурхан багшийн Их дүйчин өдрийг  “Олон нийтийн баяр амралтын өдөр” болгон зуны эхэн сарын 15-нд тэмдэглэн өнгөрүүлдэг байхаар болсон" хэмээн тайлбарлав. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баярсайхан(139.5.219.74) 2020 оны 02 сарын 07

тэнэглэл

0  |  0
zochin(202.9.47.54) 2020 оны 02 сарын 07

balai hovdiin avgai min zail

1  |  0
ee(64.119.25.54) 2020 оны 02 сарын 07

dr bgaa nohodl sain nvglee namanchil..

2  |  0
Top