Бахрейны банк санхүүгийн туршлагаас суралцана

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 07

Монгол Улс, Бахрейны Хаант Улс хооронд 1998 онд дипломат харилцаа тогтоосон байдаг. Бахрейн нь чөлөөт худалдааны бүсийг амжилттай хөгжүүлсэн улс бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсад нийт 382 санхүүгийн институт үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 98 нь банкны чиглэлээр ажилладаг аж.

Иймп ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бахрейны нийслэл Манама хотноо ажиллаж, Монгол, Бахрейны Гадаад хэргийн яамд хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалтыг хийжээ. Тэрбээр Бахрейны ГХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан Дэд сайд Др.Шейх Абдулла бин Ахмад Аль-Халифатай уулзаж, банк, санхүүгийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна. Ялангуяа олон арван жилийн туршлагатай Бахрейны банк, санхүүгийн салбарын туршлагаас суралцах, энэ чиглэлээр Монголын мэргэжилтнүүдийг Бахрейны банк, санхүүгийн хүрээлэнд урт, богино хугацааны сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх, Монголбанк, Бахрейны Төв банк хооронд хамтын ажиллагаа тогтоох эхлэлийг тавихаар тохиролцжээ.

Түүнчлэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, түүний дотор Бахрейны Хаан, Гадаад хэргийн сайд нар Монгол Улсад айлчлах урилгатайг нотолж, улмаар хүлээн авч айлчлуулах, ГХЯ-д хоорондын зөвлөлдөх механизмыг тогтмолжуулах, аялал жуулчлал, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлыг тухайлан ярилцсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top